Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн судлаач инженерүүд Баяжуулах фабрикийн технологид тохирсон цуглуулагч урвалжийг гарган авлаа. Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн уг бодисыг Монфлот 03 гэж нэрлэжээ. Уг урвалжийг судалгааны төвийн лаборатори болон хагас үйлдвэрлэлийн шатанд 6 сар туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд нэг сар өнгөрчээ. Баяжуулах фабрикийн технологичид уг урвалжийг хэрэглэхэд технологид сөрөг нөлөөгүй төдийгүй зэсийн металл авалт бага зэрэг сайжрах хандлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Цаашид үүнийг үргэлжлүүлэн туршиж, илүү сайжруулах аж. Баяжуулах фабрикт хэрэглэдэг технологийн бодисуудыг гадаадаас өндөр үнээр авдаг бол Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн бүтээл үүнээс 4 дахин хямд өртөгтэй аж. Ийнхүү Судалгааны төвийн судлаачид, Баяжуулах фабрикийн технологич инженерүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирсон шинэ урвалж “мэндэлж”, үйлдвэрийн эдийн засагт үр өгөөжөө өгөх юм.