Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй тухай санал гаргасныг дэмжиж Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Иймээс хуулийн төслийг яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатайг сануулсан бол байнгын хорооны дарга Ч.Улаан Засгийн газраас асуудал оруулж ирэхдээ хойрго хандаж байгааг шүүмжлээд байнгын хорооны хуралдааны протоколоор хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Харин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэж болохоор, түүнчлэн хяналтын шатны шүүх хэргийн хоёр болон түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэхээр заасныг тус тус хасах, хариуцагч зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжпэл гаргах эрхтэй байх, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгох зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгажээ.
Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг гүйцээн боловсруулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Түүнчлэн дэгийн тухай хуульд заасны дагуу техникийн болон найруулгын саналыг төсөлд тусгасны зэрэгцээ төслийн зарим зүйл, заалтын уялдаа, найруулгыг сайжруулах, нэр томьёог жигдлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсээс гаргасан зарчмын зөрүүтэй 10, найруулгын чанартай 40 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Түүнчлэн уг хуулийн төслийг дагалдаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.
Ингээд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн батлагдлаа. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн бусад 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг батлахыг дэмжив.
Мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэнБоловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар дахин ярилцаж нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.