Ардчилсан намын дарга З.Энхболд Иргэний Зориг Ногоон намын дарга С.Оюун нар хоёр нам нэгдэх албан ёсны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд АН-ын гишүүд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.
АН-ын дарга З.Энхболд:- Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг тавьсан. Хоёр талаас гаргасан ажлын хэсгийн үр дүнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд байгаа. Түүний эцэст намын их хурал явагддаг. Бид өнөөдрөөс энэ процессоо улс орон даяар эхлүүлж байгаа. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой.
ИЗНН-ын дарга С.Оюун:- АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой. Тиймээс хоёр нам улс төрийн хуулийн хүрээнд хэлэлцүүлгүүдээ эхлүүлж байгаа. Манай намын гишүүдийн зүгээс шат, шатандаа шийдвэрээ гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат, шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. Ардчилсан нам хоёр нам нэгдэх нь Ардчилал, Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон ИЗНН-ын дэд дарга М.Хүрэлсүх нараас хоёр нам нэгдэх асуудлаар байр, суурийг нь сайн сонслоо.
- АН, ИЗНН-тай нэгдэх үйл ажиллагааны эхлэл тавигдлаа. Хэрвээ нэгдвэл ИЗНН байхгүй болно гэсэн мэдээлэл байгаа. Танай намын зүгээс ИЗНН, МҮАН-тай эвсэх биш нэгдэх санал тавьсан гол шалтгаан нь юу вэ?
- Манай хоёр намын эрхэм зүйл нь адилхан. Монгол улсад Ардчилалын эрхэм зүйлүүдийг баталгаажуулах асуудалд анхнаасаа нэг зорилготой явж ирсэн. Нэг нам нь байхгүй болно гэдэг талаас нь бид харахгүй байгаа. Харин бид илүү, хүчтэй, эв нэгдэлтэй болж байна гэж харж байгаа.
- Нэгдэх асуудлаар хоёр намын дарга нарын хооронд ямар тохироо хийгдэх бол?
- Хоёр нам нэгдлээ гэхэд ИЗНН-аас орж ирэх гишүүдээ АН-ын ҮЗХ-нд яаж оруулах вэ, орон нутагт хамтрах асуудлаа яаж шийдэх вэ гэх мэт зохицуулах ёстой нарийн асуудлууд байна.
- Хоёр нам нэгдэхэд АН үндсэн дүрэмдээ заавал өөрчлөлт оруулах ёстой гэж ИЗНН-аас мэдэгдэж байна. Дүрэмдээ хэзээ өөрчлөлт оруулах вэ?
- Улс төрийн намын тухай хуулинд “Хоёр нам нэгдсэн тохиолдолд хоёулаа их хурлаараа асуудлаа шийднэ” гэж заасан байдаг. Тэгэхээр дүрэм бол хууль давахгүй. Улс төрийн намын тухай хуулиараа шийдвэрлэнэ. Дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй юм байна гэж харсан.
- Нэрэнд өөрчлөлт орох уу?
- Хоёр нам нэгдвэл АН-аар нэрлэгдэх байх. Бид тэр байдлаар хоорондоо тохирч байна.
- МҮАН-тай нэгдэх асуудал хэр түвшинд явж байна?
- Ажил өрнөж байна. МҮАН-ын дарга нар эзгүй байна. Тэднийг ирэхээр уг асуудлаар дахин ярилцана. Бид нэгдэх асуудлаа уламжилсан байгаа.
- ҮЗХ хэзээ хуралдах вэ?
- ҮЗХ Цагаан сарын баярын дараа хуралдана. Уг хурлаар бусад намуудтай нэгдэх асуудлаар ярилцана.
-Ардчилсан намтай нэгдэх асуудпыг гишүүд дэмжиж байгаа юу?
-Намын Үндэсний хорооноос сонгуульд оролцох талаар бусад намуудтай яриа хэлэлцээр хийж, ярилцаж байна. АН-аас эх орны ашиг, төрийг тогтвортой байлгах, ижил үнэ цэнэтэй намууд нэг байр суурьтай байх үүднээс нэгдэх санал тавьсан. Нэгдэх асуудлыг намын гишүүд хэрхэн үзэж байгааг шат шатанд хэлэлцэнэ.
-ИЗНН-ын нэр дурсагдахгүй болно гэсэн үг үү?
-Ер нь дурсагдахгүй болохдоо биш Монгол улсад 16 жил үйл ажиллагаа явуулсан. Улс төрд өөрийн гэсэн орон зайтай. Энэ хоёр нам хоёулаа нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнэтэй намууд болсон. Бид нарын хүндэлж дээдэлж явдаг зарчим болгож ирсэн зүйл бол АН өөрийнхөө хөтөлбөр бодлогод тусгаж байгаа тул нэгдэхэд болохгүй зүйл байхгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна.
-Нэгдэх тухай саналыг хүлээн авахад Сонгуулийн тухай хууль нөлөөлсөн үү?
-Сонгуулийн тухай хууль бидэнд нөөлөлөхгүй гэж үзэж байна. Манай намаас тойрогт нэр дэвшихэд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гээд дарга нар тодорой хэмжээнд тойргоос гарч ирэх магадлал маш өндөр. Гэхдээ манай намын тухайд ганцхан АН биш ХҮН болон МАХН-тай ч албан бусаар уулзсан. АН-тай нэгдэнэ гэдгийг гишүүд хэрхэн үзэж байгааг үзээд их хурлаа хуралдуулах болно.
Т.ХУЛАН
Сэтгэгдэл (9)