Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг.
Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.
Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг.
Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.
Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгоно гэсэн үг.
Нэгдүгээрт, орон сууцны хөнгөлөлтөнд:
1 Хорооны засаг даргын тодорхойлолт
2 Иргэний үнэмлэхний хуулбар
3 Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
4 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5 Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
6 Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
7 Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
8 Байранд төлсөн мөнгөний баримт
9 ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
10 Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
11 Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар хэрэг болох юм.
Хоёрдугаарт, сургалтын төлбөрийн хөнгөлөлт:
1. Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
2. Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
6. Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
7. Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
8. Эх нь эдэлж байгаа бол хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
9. Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/ зэрэг материалыг бүрдүүлэх хэрэгтэй ажээ. Ингээд эдлэх хөнгөлөлтийн мөнгөн дүн харилцан адилгүй тул харьяа дүүргийнхээ татварын хэлтэсээс лавлахаас гадна, дээрх материалаа хэлтэстээ бүрдүүлж өгөх юм.