Энэ жилийн цагаан сараар архинаас үүдэлтэй дуудлага түргэн тусламжийн төвд харьцангуй бага ирсэн байна. Мөн осол эндэгдэл, галын дуудлага ч мөн багассан талаар албаны газраас мэдээллээ.
Тухайлбал, Шинийн нэгний өдөр яаралтай түргэн тусламжийн төвд нийтдээ 1120 дуудлага бүртгэгдсэнээс ихэнх нь даралт ихэссэн, ходоод өвдсөн дуудлагууд байжээ. Харин шинийн хоёрны өдөр тус төвд 1000 гаруй дуудлага бүртгэгдсэнээс дийлэнхи нь зүрх судасны өвчлөл, төрөхийн дуудлага, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хоолны хордлогод орсон дуудлага байсан хэмээн мэдээллээ. Харин тус төвийн ээлжийн ахлагч Б.Халиунаа “Баярын өдрүүдэд төвийн дуудлага хэвийн үеийнхээс ихэсдэг. Харин энэ жилийн хувьд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн өвчлөл өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага байна” гэлээ.
ОСОЛ ЭНДЭГДЭЛ БАГА ГАРЧЭЭ
Мөн энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүн гарчээ. Тухайлбал, энэ жил нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн байна. Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм. Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМД МАШИН БООГДЖЭЭ
Шинийн гуравны үдээс хойш зарим нутгаар цасан шуурга шуурж, автомашин цасанд суух, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас явах боломжгүй болжээ. Улмаар орон нутгийн замд автомашинууд саатаж, түгжрэл үүссэн байна. Ялангуяа Дундговь аймгийн Өндөрдов, Ногоондовын чиглэлд тээврийн хэрэгсэл 3-5 цаг цасанд боогдох, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байна. Мөн өчигдрөөс эхлээд Дархан, Өмнөговь, Мөнххааны чиглэлд цас ихээр орсонтой холбоотойгоор тээврийн хэрэгсэл олон цагаар саатах асуудал үүсжээ. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн төвийн зам арчлалтын байгууллагынхан дуудлага өгсөн замыг цэвэрлэж, чөлөөлжээ. Мөн Зам тээврийн яамны харьяа байгууллагууд тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ, шууданг зогсоосон асуудал байхгүй гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Мөн өнөөдрөөс эхлэн орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Тухайлбал, Увс аймгаас л гэхэд есөн автобус, Баян-Өлгий аймгаас долоон автобус нэмэгдлээр гарсан байна. Орон нутгаас нийслэлийг чиглэсэн ачаалал өмнөх жилүүдээс 1.5 дахин нэмэгджээ.
ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БУУРЧЭЭ
Нийслэлийн хэмжээнд сар шинийн өдрүүдэд гамшгийн нөхцөл харьцангуй тайван байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс сар шинийн өмнө гэр хорооллыг галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсны үр дүн эхнээсээ мэдэгдэж буйтай холбон тайлбарлалаа. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн өдрүүдэд 70 гаруй гал түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Харин энэ жилийн хувьд 30 гаруй дуудлага ирсэн байна. Мөн нийслэлийн ойр орчимд цасанд суусан, саатсан дуудлага багагүй иржээ. Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс өөрөөр тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.