Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслолыг Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу энэ сарын 15-нд ёслол төгөлдөр хийх гэж байна.
Их Монгол орны хүмүүн амьтны итгэл номын богд Монгол улсын Бурхан шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Богд гэгээнтний шавь нар Багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчилан шүтээн болгон бүтээсэн билээ. Шүтээнчилэн бүтээсэн лагшин эрдэнийг Гандангчэнлин хийдийн Гандан дуганд маргааш 13:00 цагт залж, равнай мандал өргөх аж.