Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт болохоор товлогджээ.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Улмаар прокуророос түүний хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн юм.
Түүний хувьд албан өрөөндөө бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын байцаагчдад баригдаж байсан билээ.
Юутай ч авлига, хандив нэрийдэлтэй уг хэргийг БАГЦ 24 онцолж байна.
АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба тэргүүтэй хэд хэдэн хүний хэргийг шалгаж байсан. Улмаар Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Т.Ганчимэг нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлээд байдаг.
Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот эрүүгийн хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Ингээд АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг.
Экс ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.
Төрийн нарийн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ нь Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг.
Г.Шийлэгдамбын авилга хээл хахууль авсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж эх сурвалжийн мэдээлэл бий. АТГ-т Г.Шийлэгдамбатай холбоотой авилгын хэргийн талаарх мэдээлэл эрт ирсэн бөгөөд тус газрынхан хэргийг хөдлөшгүй баримтаар тогтоохын тулд олон сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд үйл дээр нь барьсан гэх. Мөн Г.Шийлэгдамба батлан даалтад гарсаныхаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж “Намын хандив хийгээд Н.Энхбаярын шахалтаар ийм зүйл хийсэн” гэж ярьсан байдаг. Тиймээс олон нийт хандив авсан хүнийг АТГ-аас шалгаж байгаа нь ямар учиртай юм бол гэж үзэх нь их байсан. Харин АТГ-аас “Хандив, авлига хоёр өөр зүйл. Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр шалгаж байгаа” гэдгийг онцолсон.
МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар манай сайт хамгийн анх мэдээлсэн. МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга асан тэрбээр урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад "Хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй" хэмээн Хяналтын прокурор үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ П.Цогтбаатар байцаалт өгөхдөө намынхаа даргыг өмгөөлж байгаа гэх бор шувуу ниссэн. Түүнчлэн Г.Шийлэгдамбын намын санхүүжилтэд зарцуул хэмээн өгсөн 50 мянган ам.долларыг өөрөө авсан мэтээр ярьсан гэдгийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд онцлож байсан юм.
МАХН-ын ерөнхий нягтлан н.Цэцэгмаагаас мөн АТГ байцаалт авсан. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор байцаасан байх магадлалтай. Мөн тухайн үед МАХН-ын хоёр, гурван өрөөг лацадсан байдаг. Тодруулбал, Г.Шийлэгдамбын албан өрөө, ерөнхий нягтлан Н.Цэцэгмаа, МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар өрөөг битүүмжилж байсан юм. Гэвч тухайн үед өрөөг битүүмжлүүлсэнтэй холбоотойгоор МАХН цалингаа тавьж чадахгүй, дулаан цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрээд буй дуулиан дэгдэж байсан билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (48)