УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байв.
Тодруулбал,
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр байлаа.
Гэтэл ээлжит бус чуулганы хуралдаан нээлтээ хийж чадсангүй. Учир нь чуулганы хуралдааны ирц бүрдээгүй юм. Тодруулбал, МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд эдгээр асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж чуулганы хуралдаанд оролцохоос татгалзсан юм. Мөн иргэний нийгмийн зарим байгууллагын зүгээс уг асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэж Төрийн ордны гадаа цуглаан хийн шар нунтгийг цацсан. Цагдаагийн байгууллагынхан тэднээс болгоомжлон Төрийн ордныг хамгаалалтад авч, онцгой байдлын албаныхан ирж, цацсан нунтгийг шинжилсэн. Эсэргүүцэгчдээс “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч Ж.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарыг баривчилсан боловч торгох арга хэмжээ аван удалгүй сулалсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж цөмийн хог хаягдлыг Монгол улсын хилээр оруулж ирэхийг хориглосон хуулийг төслийг өнөөдөртөө /өчигдөр/ багтан УИХ-д өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Чиглэлийн дагуу Засгийн газар өчигдөр орой хуулийн төслийг өргөн барилаа. Тэгэхээр одоо ээлжит бус чуулганы хуралдааныг нээх боломжтой болж байна гэсэн үг. Харин МАН болон "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Ингээд УИХ-аар хэлэлцэхээр товлогдсон ч сөрөгч хүчин болон иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй нүүр тулаад буй цөмийн асуудлаар УИХ-ын зарим гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Монголд цөмийн хаягдал булшлахыг МАН дэмжиж байна гэж ойлгох болно
- МАН-ын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхад уг тогтоолын төсөл батлагдаж байсан юм байна. Эдгээр конвенциудад Монгол улс нэгдэх нь зүйтэй. Энэ ажиллагааг Засгийн газар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдэг тогтоолыг гаргаж байсан гэсэн үг. Энэ дагуу Засгийн газар уг асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Уг асуудлыг өнөөдөр хэлэлцсэн бол Монгол улсад ашигтай байх байсан. Хэрэв энэ асуудлыг хэлэлцэхэд Ардын намын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхит бодисыг Монголд булшлахыг дэмжиж байна гэсэн байр суурь харагдана гэж бид үзэж байгаа.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа: Цочсон юм шиг ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй
-Ээлжит бус чуулган гэв гэнэт зарлагдсан. Бүлэг ээлжит бус чуулганы нээлтийн өглөө цуглаж, байр сууриа нэгтгэхээр байсан ч таван гишүүн л ирсэн байна. Бусад нь орон нутаг болон гадаадад томилолтоор ажиллаж байна. Бүлгийн байр сууриа нэгтгэж чадаагүй учраас бидний таван гишүүн хуралдаанд оролцоогүй. Ер нь бол гэнэт цочсон юм шиг УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, дураараа загнадгаа болих хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд ч тэр, МАН-ын бүлгийн таван гишүүн ч ярилцсан, судалж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон Улсын конвенцид нэгдэн орох асуудлыг хурдан хуумгай шийдчихэж болохгүй. Энэ конвенциудад нэгдэн орсноор дараа нь үүсэх эрсдэл, үр дагавар юу байх, ашигтай бол ямар хувилбар байна гэдгийг нь мэргэжлийн хүрээнд судлах хэрэгтэй. Өгсөн материалуудтай нь товчхон танилцахад манайх цөмийн хаягдлыг булшлуулахгүй байхаар нэг талаасаа ойлгогдож байгаа. Гэтэл нөгөө талаасаа манайх өөрсдөө цөмийн бүтээгдэхүүн экспортод гаргах юм бол буцаагаад эх орондоо булшилж болох нөхцөл үүсэхээр ойлгогдож байна. Гэхдээ энэ миний ярьж байгаа зүйл бол шууд тийм юм байна гэж хэлж байгаа ойлголт биш. Ер нь хувь хүний хувьд ийм болгоомжлол байгаа учраас ээлжит бус чуулганд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа.
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа: Монгол Улс цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа
-Монгол Улс цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа. Конвенцид нэгдсэнээр Монгол Улс энэ чиглэлийн бүх мэдээллийг авдаг болно, боловсон хүчнээ бэлтгэдэг болно, аюулгүй байдлаа хангах боломж нэмэгдэнэ. Сонгууль дөхөөд бүх зүйлийг улстөржсөн өнцгөөс хараад байх шиг байна. УИХ-аас тогтоол гараад Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр конвенцид нэгдэн орох хуулийн төслөө өргөн барьсан. Зөвхөн соёрхон батлах асуудлууд байгаа. Зарим бүлэг ээлжит бус чуулганыг ашиглаад цөмийн хаягдал түлшийг импортлох гэж байна гэсэн ташаа мэдээлэл хийж байна, зөв ойлгуулах шаардлагатай. Бүлгээс Ерөнхийлөгчийн зарлиг байгааг хуульчилж, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор цөмийн хаягдал болон түлшийг оруулж ирэхгүй байхыг баталгаажуулъя гэдэг дүгнэлт гаргалаа. Ингэхгүй бол одоо улсын байцаагч зөвшөөрөхгүй бол импортолж болохгүй, улсын байцаагч зөвшөөрөх юм бол импортолж болох юм шиг заалт байгаа учраас хууль болгоод илүү хамгаалалт хийж, холбогдох олон улсын гэрээ конвенцид нэгдэн оръё.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрх баригчид улайм цайм худлаа мэдээлэл тарааж байна
- Ээлжит бус чуулганаар дөрвөн конвенцид нэгдэх асуудал оруулж ирсэн. Үүнээс нэг конвенци нь огт хэлэлцэж болохгүй аюултай асуудал байгаа. Тэр нь "Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай" 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл. Энэ хуулийн төсөл нь цөмийн хаягдал булшлах эрхзүйн орчинг Монголд шууд бүрдүүлэх гэж байна. Засгийн газраас оруулж ирсэн албан ёсны танилцуулга дээр нь "Энэ хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт хаягдлын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ" гэж заасан байгаа. Дараагийн заалт нь "Байгалд суллах, хадгалах, хил дамжуулах бүхий л харилцааг зохицуулна" гэж заасан байгаа. "Үүссэн цацраг идэвхит хаягдлыг өөрсдөө булшлахаас гадна төсөл хамтарч хэрэгжүүлж байгаа бусад орны цөмийн хаягдлуудыг Монгол оронд булшилна" гэсэн зүйл заалтууд орсон байгаа. Эрх баригчид улайм цайм худлаа мэдээлэл тарааж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Манай бүлгийн гишүүд хуралд оролцохгүйгээр шийдсэн
- Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байгаад хамаг асуудал байна гэж үзээд манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг нь бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн. Урьд өмнөх шигээ МАН-тай бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх.
24tsag.mn
Сэтгэгдэл (25)