МАН, МАХН-ынхан ирэх сонгуульд эвсч орно гэж байснаа больцгоосон. Учир нь МАХН-ынхан хэлсэн тохирсноосоо буцсан гэж МАН-аас мэдэгдэж байгаа. Тус намын удирдлагууд өчигдөр мэдэгдэл хийж, "МАН дангаараа сонгуульд оролцохоор болсон. Бид Н.Энхбаярыг хангалттай хүлээсэн. Түүнтэй уулзаад ч шийдэлд хүрсэнгүй. Тиймээс манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хуульд заасан хугацаанд нь аудитын газарт өгсөн" гэсэн. Харин МАХН-ынхан яриа, хэлэлцээ явж байгаа. Хамгийн гол нь эвслийн гэрээ тов тодорхой байх ёстой. Бүрхэг байж болохгүй учраас сайтар ярилцаж шийдэх нь зөв. Бид хамтрахын төлөө явж байна. Бага чуулганаараа ярьж байна. Эвсэх асуудал нээлттэй хэвээр. Хуулийн хугацаа болоогүй байгаа учир эвсэх оролдлогоо зогсоохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж буй.
Ингээд дээрх тэс өөр хоёр мэдэгдлийг 24VS24 булангаараа хүргэж байна. Тэдний хэн нь худал яриад байна вэ?
МАН-ын дарга М.Энхболд
Бид МАХН-аас эцсийн хариугаа өгөөч гэсэн. Сонгууль болон аудитын байгууллага, сонгуулийн хуулинд заасан хугацааг тооцож, 20-ны 17.30 цагт эвсэлд хамтрах бол хамтарсан мөрийн хөтөлбөрөө, үгүй бол дангаараа орох мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. Бид 17.00 цаг хүртэл хүлээсэн. Ямар ч хариу ирээгүй. Тэгээд бид 17.00 цагт бага хурлаа өндөрлүүлэхээр тогтоол, шийдвэрээ баталж байсан. Харин 18.00 цагийн үед манайд нэг бичиг ирж, хоёр намын дарга, ажлын хэсгүүдтэй уулзах санал тавьсан. Тиймээс бид өндөрлөх гэж байсан бага хурлын үйл ажиллагааг зогсоогоод, шөнийн 24 цаг хүртэл хүлээлгэсэн. Төрийн ордонд МАН, МАХН-ын ажлын хэсэг, хоёр намын дарга нар уулзсан. Уулзах хүсэлт тавьсан МАХН саналаа хэлсэн. Нэгдүгээрт нэмэлтээр оруулж байгаа саналаа авч үзэхийг хүссэн. Хоёрдугаарт, 20-нд мөрийн хөтөлбөрийг заавал аудитад өгөх шаардлагагүй, гуравдугаарт УИХ-д нэр дэвшихээр тохирсон тоон дээр тодорхой зүйлүүдийг яриач гэсэн саналыг тавьсан. Тухайлбал, пропорционалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын 6-г нь эхний 15-д заавал бичнэ. Можаритариар МАХН-аас нэр дэвшихээр шийдсэн 15 хүн эхлээд 48 тойрог дээр сонголтоо хийнэ, үлдсэн 33 дээр нь танайх хүнээ тавина гэсэн саналуудыг дахин дахин нэмж тавьсан. Эндээс МАХН-ын удирдлага эвсэх тал дээр хүчин чармайлт гаргах бодолгүй, асуудлыг хүндрүүлж, биднийг улам хойш суулгах бодлого барьж байгаа нь харагдсан. Бид гурван цаг гаран уулзсан. Сонгуулийн байгууллага 20-ны өдрийн 17.30 цагт гэчихээд байхад эвсэх гэж байгаа намынхаа удирдлагын үгэнд орж, 24, 25-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй. Сонгуульд амжилттай оролцож, эвсээд ялах нь чухал. Гэхдээ сонгуульд орох, оролцох нь ялалтаас илүү чухал. Орж чадахгүй бол ямар ялалт байх билээ. Тиймээс ямар нэг хууль зөрчилгүйгээр сонгуульд орох ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор боллоо. Сонгуулийн хуульд заасан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоо, цаг хугацаа давчуу байсны дээр МАХН зөвшилцсөн зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн учраас эвсэх асуудлаар санал нийлсэнгүй. |
МАХН-ын дарга Н.Энхбаяр
Бид эвсэхийн төлөө явж байна. Бага чуулганаараа үргэлжлүүлэн нээлттэй хэлэлцэж байна. Ч.Хүрэлбаатар болон Г.Занданшатар тэргүүтэй гишүүд ямар учраас хэвлэлээр юу яриад байна вэ. Өдөржингөө хайгаад олохгүй байна. Биднийг хэлснээсээ буцчихлаа гээд л... буцсан асуудал байхгүй. Одоо бид хамт суугаад ярьж л байна шүү дээ. Хамтдаа эвсэж орох асуудлыг нухацтай бодож үзээч ээ. Ялъя, санал цуглуулъя, бодъё, сонгуульд оръё, эвсэе. Гуравдугаарт, дахин хэлье. Ерөөсөө хоцроогүй байгаа. Та бүхэн хоцорсон гэсэн шалтгаан гаргаж ирвэл ирж болно. Гэхдээ хуулийн заалттай нь гаргаж ир ээ. ...Ийм маягаар гэрээ хийчихээд дөрөвдүгээр сарын 20 гэж ярьж болохгүй. Та нар хүсэхгүй байгаа юм байна. Түүх бичигдэж байна. Намын дарга нар хариуцлагатайгаар ярих хэрэгтэй. Ялъя гэж бодож байвал эвсэе. Ажлын хэсэг маргалдаж болно. Намын дарга нар маргалдаж болохгүй. Үнэхээр дөрөвдүгээр сарын 20 гэдэг үг хуульд байвал би бууж өгье. Байхгүй байвал та нар дахин бодож үзээч ээ.
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан
МАН цаг хугацаа богино гэдэг үндэслэлээр татгалзаж байх шиг байна. Гэхдээ МАХН-ын зүгээс хуулийн хугацаа дуусаагүй байгаа учраас эвсэх оролдлогоо зогсоохгүйгээр дахин санал тавина гэсэн байр суурьтай байгаа. Хуулиар дөрөвдүгээр сарын 28-наас өмнө намууд эвсэх асуудлаа СЕХ-д өгөх учраас цаг хугацаа байна гэж ойлгож байгаа. |
Сэтгэгдэл (79)