УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санлаа хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг: Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байна. Олон улсын сонгуулийн тогтолцоог судалдаг байгууллагын судалгаагаар 79 ардчилсан орны 52 нь цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоотой, 20 орон манайх шиг холимог, үлдсэн нь мажоритар байна. Яагаад хувь тэнцүүлсэн тогтолцоо руу яваад байна гэхээр нийгэм олон ургальч болж байна. Ийм шийдвэр гарснаар гадаадад байгаа Монгол Улсын иргэд саналаа өгөх боломж хумигдаж байна. Хүн амын 51 хувийг төлөөлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл цаашдаа улс төрийн тэгш бус орчинд орж ирэх үүд хаалга нь улам бүр хаагдаж байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: 2012 оны Сонгуулийн хуулийг батлахад ҮХЦ 5 дугаар сард маргаан үүсгэсэн. Нэгдүгээрт нь тойрогт нэр дэвшээд ялаагүй ч гэсэн намын жагсаалтад гулсан орох асуудал. Нөгөөдөх нь 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох асуудалд ҮХЦ маргаан үүсгэсэн. ҮХЦ тэр үед эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх нэг асуудалд хоёр удаа хэлэлцэж, хоёр удаа эцэслэн шийдвэрлэдэггүй. Үндсэн хуулийн цэц асуулгыг авч үзээд өөрийнхөө үндэслэл дүгнэлтдээ хуульд харшилсан эсэхийг хувиршгүй гаргах ёстой. ҮХЦ яагаад нэг асуудал дээр хоёр удаа хэлэлцэж байна вэ. Маргаан үүсгэсэн иргэдэд тэдэн онд хэлэлцсэн, одоо хэлэлцэх үндэсгүй гэж хэлэх ёстой. УИХ, хууль тогтоогчид тоглоом болоод яваад байна. Сонгуулийн систем, хэлбэрээр нь асуудлыг ярьж болохгүй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)