Юундаа уйтгарлана вэ?
Зун болж жимс ургаж байна шүү дээ.
Юундаа гуниглана вэ?
Шувууд жиргэж цэцгэс алаглаж байна шүү дээ. Бүгд л дэлгэрч, бүгд л гялалзаж, бүгд л бялхаж байхад тархиараа зүрхээн сийчиж харууслын балчигт өөрийгөө улам шигтгэхээ боль!!.
Амьдрал баян.
Юм юм л тохиолдно шүү дээ.
Өнгөрсөн амьдралдаа хангалттай гуниглалаа одоо болоо юм биш үү?
Бүгдийг март.
Хая.
Амьдрал үргэлжилж байна.
Амьдрах, амьд байх, орших өөрөө сайхан.
Хэрэв өнгөрсөн амьдрал чинь бараан байсан бол чи амьдарч эхлээгүй байна.
Одооноос амьдарч эхлэ.
Өглөө болгон нар мандаж, өдөр болгон тэнгэр цэлийж, үдэш бүр оршихуй анирлана. Угаас бүх зүйлс сайхан, угаас бүх зүйлс гайхам шүү дээ. Оршихуйн сайхныг баргар царайгаараа бүү гутаа. Нарлуу хар. Сарлуу ширт. Инээдийг анзаар. Таны эргэн тойронд баяр хөөр буцлаж байгаа. Түүнтэй нэгд. Сөрж сэлэлгүй дагаж урс. Гол чамайг далайд хүрэгнэ. Зөрчил чамайг ядраана. Эвсэл чамайг амраана.
Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн
Сэтгэгдэл (2)