Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дүгнэлтийг хэлэлцэж эхлэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ "Манай бүлэг өглөө 09.00 цагт хуралдахаар тов гаргасан. Гэтэл гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар чуулганы хуралдааныг хүргэлээ. Сая нэг ирц бүрдэж бүлгийн хуралдаан эхлээд байна. Бүлгийн дарга Н.Батцэрэг хуралдааныг даргалж байгаа. Тиймээс би завсарлага авах хүсэлт гаргаж байна. Манай бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж нэгдсэн шийдвэрээ гаргах шаардлагатай байна" гэж хэлээд ажлын тав хоногийн завсарлага авахыг хүсэв.
Харин УИХ-ын дарга З.Энхболд "Уг асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага өгч чадахгүй. Богино хугацаанд хэлэлцээд шийдвэрээ гарга. Богино хугацаа гэдэг нь өнөөдөр үдээс хойш юм уу маргааш өдөртөө багтааж хэлэлц гэсэн үг. Ямартай ч ажлын тав хоногийн завсарлага өгөөгүй шүү" гэлээ.
Ингэснээр уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулаад байна.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон жижиг намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл хийсэн.
Өчигдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ. Одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэрвээ УИХ хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаараа дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулна. Ингэснээр намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болох юм.
Одоо чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна
Т.Хулан
Сэтгэгдэл (2)