УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ууртай байна. Тэрбээр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр "Манай бүлэг Үндсэн хуулийн цэцийн 05 дүгнэлтийг дэмжихгүй бол бүлгээсээ гарна" хэмээн микрофонгүй орилжээ.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг энэ сарын 22-ны өдөр гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон жижиг намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл хийсэн. Өнөөдөр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авах хүсэлт гаргасан юм. Хүсэлтийг тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ танилцуулсан. З.Баянсэлэнгийг ингэж хэлэх үеэр Д.Тэрбишдагва орилсон нь энэ аж.
Тэрбээр үүний дараа "Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна" гэсэн юм.
Ямартай ч уг асуудлаас болж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгийнхээ гишүүдтэй нилээн маргаж буй бололтой. Хэрвээ тэр бүлгээсээ гарвал "Шударга ёс" эвсэл үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж тарах хэмжээнд хүрэх юм.
Мөн дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намуудын дарга, генсекүүдэд хандаж жагсаалтыг байхгүй болохыг дэмжихийг хүссэн уриалга гаргасан байдаг.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)