Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Уг хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, ямар байдлаар санхүүжүүлэх, яаж хянах вэ гэдгийг нэлээд нарийвчилж тусгасан байна. Мөн сайн боловсон хүчин, эмч ажилчдаа тогтоон барих үүднээс цалингаа нэмэгдүүлэх эрх мэдэл тухайн эмнэлэгт хадгалагдаж үлдэж байгаа аж.
“Төрийн өмчид эмнэлгүүд өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн хууль эрх зүйн орчинд баригдаад чөлөөтэй ажиллах бололцоогүй байсан. Тиймээс засаглалын асуудлыг улсаас хараат бус болгосон. Дээр нь санхүүгийн эрх мэдэл олгосон. Аль эмнэлэг үйлчлүүлэгчээ татаж байна тэр эмнэлэгт ЭМД-ын сангаас илүү санхүүжилт олгоно. Ингэснээр мөнгөн орлогоороо тоног төхөөрөмж авах, цалингаа нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ялангуяа боловсон хүчинд санхүүгийн эрх мэдэл, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрх чөлөөг нь олгож байгаагаараа онцлог” гэж УИХ-ын гишүүн Д.Батцогт хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Төрийн үүрэг бол ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх юм. Тиймээс хамгийн доголдолтой салбарт шинэчлэл, өөрчлөлтийг авчрах хууль гэж бид харж байгаа. Өмнө нь ялсан намын томилгоогоор томоохон эмнэлгийн дарга нарыг томилдог байсан. Харин тус хууль батлагдсанаар энэ байдал арилах юм. Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай хүн эмнэлгийг удирддаг болно. Мөн мэдлэг, чадвар туршлагатай эмнэлгийн ажилчдын цалин хөдөлмөрийн хөлс нэмэгддэг болох нь уг хуулийн давуу тал. Алслагдсан сум, суурин газрын эмнэлэгт томилогдож байгаа эмч, эрүүл мэндийн ажилчдын туршлагын асуудал яригддаг. Сумд болон аймаг, нийслэлийн өрхийн эмнэлэгт чадвар, мэдлэг туршлагатай хүмүүсийг ажиллуулах эрх зүйн орчин нээгдэж байгаагаараа бас онцлогтой. Эрүүл, мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан албан хаагч ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй. Харин одоо дээрх ажилчид өөрийнхөө хөдөлмөрийг зөвөөр үнэлүүлээд цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлууд шийдүүлэх боломжтой болж байна" гэлээ.
- Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг удирдах зөвлөлтэй байхаар хуульчилсан байна. УЗ-д багтах хүмүүсийг яаж сонгох вэ?
- Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүрэлдэхүүнийг салбараас болон төрөөс томилгоо хийж сонгоно.
- Дадлагажигч эмч нар олон улсын жишгээр ажиллах боломжтой болж цалин авдаг болох юм байна. Цалингийн хэмжээг нь яаж тогтоох вэ?
- Сургууль төгссөн эмч нар тухайн резидент эмчийн сургалтад шууд хамрагдах боломжтой болсон. Мөн давхар сургалтад суугаад резидент эмчийн эрх, үүргээр ажиллаж, суралцана. Мөн шинэ эмчийнхтэй адил цалин авах боломжтой болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)