Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.04.28/ өргөн мэдүүллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2017 оны төсвийн зарлагын хязгаар, 2018-2019 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016-2018 онд бага зэрэг буурах төлөвтэй гэж олон улсын шинжээчид үзсэн талаар танилцуулгад дурдсан байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй, тэр дундаа хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт харьцангуй өндөр өсөлт хадгалагдахаар байгаа бол уул уурхайн салбарын өсөлт саарахаар байгаа юм байна.
Засгийн газраас төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, улмаар улсын төсвийг цаашид алдагдалгүй батлах зарчим баримталж байгаа, төсвийн алдагдлыг бууруулж, хувийн хэвшлийн санхүүгийн эх үүсвэрийн боломжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, Алт хөтөлбөр хэрэгжүүлэх, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 3.0 хувьд хүрэхээр хүлээгдэж байна.
Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол мал хөтөлбөр, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх бодлого зэргийн нөлөөгөөр 2016 онд хөдөө аж ахуйн салбар 9.4 хувиар өсөх төлөвтэй байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд Засгийн газраас импортыг орлуулах экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжиж байгаатай холбоотойгоор томоохон боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, 2015-2016 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болоод байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ болон гадаадын зээл тусламжийн хэмжээ 2016 онд нэмэгдэх, концессын гэрээгээр хийгдэж буй авто зам, сургууль, цэцэрлэгийн барилгын ажил үргэлжлэх, АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэлтэй холбоотой барилгын ажлууд хийгдэх зэргийн нөлөөгөөр 2016 онд барилгын салбарт өсөлт гарахаар байна.
Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, “Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” болон бусад бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.