Энэ долоо хоногт онц ноцтой, хүний санаанд багтамгүй хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өнгөрсөн даваа гаригаас пүрэв гариг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 169 хэрэг бүртгэгдээд байгаа. Үүнээс цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 150 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон шалгаж эхэлсэн билээ. Мөн тус өдрүүдэд хулгай хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах хэрэг арав, булаах нэг, танхайрах хэрэг 24, хүнийг санаатай алах хэрэг гурав, хүчингийн нэг хэрэг гарч шалгагдаж байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн настай хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг ноцтой хэрэг гарсан. Хүүг хэд хэдэн удаа хутгалж хөнөөсөн байжээ. Хэрэгт түүний ээжийг саатуулан шалгасан ч хүүгийн төрсөн ах арван настай хүү дүүгээ хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар нотлогдоод буй. Тэрээр “Ээж өглөө ажилдаа явахдаа талх аваарай гээд 1000 төгрөг үлдээсэн юм. Гэтэл миний дүү тэр мөнгөөр ундаа, зайрмаг аваад идчихсэн учраас уур хүрээд хөнөөсөн” мэдүүлээд байгаа юм. Хүүг насанд хүрээгүй учраас одоохондоо хүүхдийн хаяг тогтоох төвд саатуулан шалгаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар хамтран шалгаж эхлээд байна.
Уг хэргийг дуулиан намжаагүй байтал дахин нэг хэрэг гарав. Хэрэг мөн л Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 40 настай эмэгтэй Г архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ээжтэйгээ маргалдсан байдаг. Улмаар ээжийнхээ гарын шууг хутгалж танхайрсан байна. Хэргийг мөн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
Ер нь Сонгинохайрхан газар нутгийн хэмжээгээрээ ч, хүн амын тоогоороо ч дээгүүрт ордог. Үүнийгээ дагаад гэмт хэрэг зөрчил гарах хандлага их байдаг билээ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбилэг “Хүнийг санаатай алах, золгүй учрал, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа. Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувь нь согтуугаар үйлдэгдэж байна гэсэн тоо үзүүлэлт байгаа. Тэгэхээр иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ганц нэгээрээ явахгүй байх. Архи согтууруулах ундааг бие организмдаа тохируулж хэрэглэдэг байх хэрэгтэй. Хамт архи ууж, согтууруулах ундаа хэрэглэж, наргиж цэнгэчихээд нэгнийгээ хараа хяналтгүй ганцааранг нь явуулчихдаг. Тэгэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүн маань гэмт халдлагад өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиодол байгаа. Ер нь иргэд согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах л хэрэгтэй байна” хэмээн тайлбарлав.
Мөн тус өдрүүдэд улсын хэмжээнд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 959 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (9)