Сүүлийн үед нэр бүхий эрхмүүдийн туслахууд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож дуулиан тарих болов.
Дарга нь бус туслах нь хэрэгт холбогддог “моод”-ыг Н.Энхбаяр дэлгэрүүлж байсан гэхэд нэг их хилсдэхгүй. 2011 онд түүний туслах Б.Тулгыг нийслэлийн өмч хувьчлалын хэрэгт холбогдуулан шалгаж, баривчилж байсан.
Үүнээс хойш даргын туслах хэрэгт холбогдож, цагдан хоригддог, харин “наранд” байгаа дарга нар нь туслахуудаа цээжээрээ хамгаалдаг явдал энгийн үзэгдэл болжээ. Үүнийг саяхан болсон “хөхүүл ээжийн баривчилгаа” буюу УИХ-ын гишүүн Баттулгын туслахыг цагдан хорисон үйл явдал гэрчлэв. Энэхүү дуулианы чимээ тасарч амжаагүй байтал БХЯ-ны сайд Ц.Цолмонгийн туслах авилга авч байгаад газар дээр баригдаж, саатуулагдлаа. Ингээд туслахуудын баривчилгааг тоймлон хүргэе.
2011 оны 11 сарын 22-ны өдөр
МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газраас баривчлав. Түүнийг “Өргөө” зочид буудал, Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хэрэгт холбогдуулан УМБГ-аас баривчилсан юм.
Б.Тулга 2009 он хүртэл буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бүрэн эрхийг дуусах хүртэл түүний шадар туслахаар ажиллаж байсан нэгэн. Харин түүний дараа АНУ-ын Нью-Йорк хотод Эдийн засгийн их сургуульд суралцан, магистрын зэрэг хамгаалаад эх орондоо ирсэн юм. Түүнийг ирээд хэдхэн хонож байхад энэхүү явдал болсон билээ. Тухайн үед Б.Тулгын өмгөөлөгч н.Баатархүү "Н.Энхбаярын туслахыг барьсан явдал нь Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржтой холбоотой гэж үзэж байгаа. Мөн улс төрийн зорилготой” гэдгийг хэлж байв.
Харин Б.Тулгыг сар орчмын хугацаанд саатуулж, 2011 оны 12 сарын 7-ны өдөр сулалсан юм. Гэвч хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл тодорхой тэгэж гээд замхарч байсан удаатай.
2016 оны 3 сарын 16-ний өдөр
Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг өнгөрсөн сарын 16-ны өдөр гэрээс нь баривчлан, саатуулав. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Мөн тухайн өдөр Х.Баттулгын туслах “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилсан ч тухайн өдрөө мэдүүлэг аваад сулалсан байна.
Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ. Шүүхээс Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулсан. Тэрбээр "Өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа”-г дурдаж энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсч, туслахынхаа төлөө нэлээдгүй “гүйсэн”. Үүнд ч анхаарал хандуулж, гүйсэн гишүүд цөөнгүй. Г.Түмэнжаргал ч мөн өөрийгөө буруугүй хэмээн цагдан хорих газарт өлсгөлөн зарлана гэдгээ хүртэл мэдэгдээд авсан. Ийнхүү түүнийг суллаж, улс төржсөн хөхүүл эхийн баривчилгааны дуулиан бага зэрэг намжсан билээ. Харин энэхүү хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах шатанд яваа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.
2016 оны 4 сарын 25-ны өдөр
Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сэжигтнээр тооцон саатууллаа.
Түүнийг Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотой хэргээр түүнийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь барьсан байна.
Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Харин Ц.Цолмон сайд одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм. Харин цаг нь ирэхээр тэрбээр нэгийг хэлж, хоёрыг өгүүлэх буй за.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)