УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэх хүсэлтэй байгаагаа гишүүд хэлсэн юм. Тухайлбал, Л.Цог гишүүн сонгууль дөхсөн энэ үед цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэхгүй бол сонгуулийн бэлтгэл ажил замбараагүй болох нь гэсэн юм. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх талаар гишүүдээс горимын санал хураах хүсэлтэй байна гэлээ. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эвслийн бүлэг завсарлагаа хурдан дуусгахгүй бол Үндсэн хуулийн цэцийг хэлэлцэж амжихгүй боллоо гэлээ.
Харин З.Баянсэлэнгэ гишүүн “Бид сонгуулийн өмнө хүндрэлтэй байдал үүсгэх гээгүй. Хуулийнхаа дагуу завсарлага авсан. Хэрэв өнөөдөр УИХ-д горимын санал хураана гэвэл хуулиа зөрчөөд л явах болох нь. Үндсэн хууль хоёр өөр шийдвэр гаргачихаад байхад үүнийг нь хурдан хэлэлцье гээд байгаа бол хууль бус болно. Тэгэхээр Н.Батцэрэг даргыг МҮАН-ын бүлгээ хуралдтал завсарлагаа хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байна. Манайхаас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг завсарлагын тав хоногийн хугацаандаа л ажиллана” гэлээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд "Шударга ёс" эвсэлд 14:00 цаг хүртэл завсарлага өгье. Энэ хооронд бүлгээ хуралдуулаад ороод ирэг. Үдээс хойш цэцийн дүгнэлтээ хэлэлцээд явъя” гэлээ. Ингэснээр үдээс хойш 14:00 цагаас Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)