АН-ын Хяналтын ерөнхий хороонд тус намын 40 гаруй гишүүн ханджээ. Шалтгаан нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын зарим гишүүнд хариуцлага тооцох шаардлага тавьсан юм байна. Энэ талаар тэдний нэг Х.Жасрайжаваас тодрууллаа.
-Хяналтын ерөнхий хороонд хандсан шалтгаанаа тодруулахгүй юу?
-Манай намын нөхдүүдл дээшээ гарахаараа хоорондоо таарч тохирохоо байчих юм. Энэ нь олон үйл явдлаар ил болсон. Нэг нь Засгийн газрыг унагах ажилд манай намынхан оролцож, сөрөг хүчинтэйгээ хамжиж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан. Ингэж нэг намынхан хоорондоо толхилцож байгаа нь миний хүссэн ардчилал биш ээ. Би бол МоАХ, АН-ын ууган гишүүдийн нэг. Тэдний үйлдэл сэтгэлд таарч тохирохгүй байгаа учраас Хяналтын хороонд хандсан. Нам бол олонхиороо шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийг нь цөөнх нь дагадаг байх ёстой.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчихлөө шдээ. Одоо энэ асууудлыг гаргаж тавьдаг нь улс төрийн өөр шалтгаантай юм биш үү?
– Улс төрийн өөр шалтгаан алга. Харин хоёр үндэслэл байна. Нэгд, Н.Алтанхуягийн Засгийн газар унаснаас хойш таны хэлснээр жил гаруй хугацаа өнгөрлөө. Амьдрал сайжирсангү, эдийн засаг дээрдсэнгүй. Харин ч улам муудсан. Нэг ёсондоо намын нэр хүнд хүндэд муугаар нөлөөлөхийн зэрэгцээ Монгол улсад хохиролтой боллоо. Хоёрт, одоо УИХ-ын сонгууль болох гэж байна. Нэр дэвшигчид тодрох нь. Үүнээс өмнө хамтын шийдвэрээ дагадаггүй хүмүүст хариуцлага тооцдог юм байна гэдгийг ойлгуулах нь хожмоо зөв жишиг тогтооно.
– Хариуцлага гэхээр юу байх вэ. Намаас хөөж, нэр дэвшүүлэхгүй гэсэн үг үү?
-Ямар ч байсан арга хэмжээ ав. Тэр нь АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд байх ёстой: Угаасаа намын дүрэм биелүүлэхгүй байгаа Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын эсрэг санал өгсөн найман гишүүнд хариуцлага тооцох нь өөрөө Үндсэн дүрмийн шаардлага. Сануулна уу, анхааруулна уу, хөөнө үү, нэр дэвшүүлэхгүй байх уу гэдэг нь Хяналтын ерөнхий хороо дүрмийн дагуу шийдэх зүйл. Түүнээс тэднийг заавал хөө, битгий нэр дэвшүүл гэсэн шаардлагыг бид тавиагүй.
-Хяналтын хороо та бүхэнл хариу өгсөн үү?
-Бид бичгээ энэ сарын 13-нд явуулсан. Одоогоор хариу алга. Гэхдээ хүн хүртэл хоорондоо захиа бичихдээ хариу ирүүлдэг болохоор бид ч бас хариу ирнэ гэж бодоод хүлээж сууна. Ямар ч байса нэг сар хүлээнэ. Хэрэв хариу өгөхгүй бол хариугаа шаардана, болохгүй бол дахиж хандана.
Эх сурвалж:
Сэтгэгдэл (4)