Зөгийн цэвэр балаар монголчуудынхаа хэрэгцээг хангах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг зөгийчид хайж байна.
“Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ-аас зохион байгуулсан “Ногоон ирээдүй” чуулганд оролцсон зөгийчид энэ талаар хөндөж, өөрсдөө шинэ технологи нутагшуулах, суралцах, зөгиин балын ач тусыг хүртэх иргэдийн мэдлэгийг тэлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Зөгийн аж ахуй эрхэлдэг 563 хүн Европын бараан,Карпат, Алс Дорнод, Кавказын уулын орог, Башкир зөгий үржүүлж байна. Тэдний тэн хагас нь дээрх ТББ-ын гишүүн аж. Тус байгууллага өнгөрсөн жил 162 кг түүхий эд Японд нийлүүлжээ.
Монголчууд жилд 600 тонн бал хэрэглэдэг. Үүнийхээ 500 тонныг гадаадаас оруулж ирдэг юм байна. Энэ зах зээлийг эзлэх нь зөгийчдийн зорилго болжээ. Үүний тулд бүтээгдэхүүнийхээ сав, шошгыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, зөгийн үүрнээс жилий, сүүнцэр гэх мэт түүхий эд ялган авч, савлан худалдах, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийж сурах шаардлагатай байгаа аж. Зөгийчид үүнд анхаарлаа хандуулахаар боллоо.