Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлтийг холбогдох байнгын хороогоор дэмжсэн бөгөөд чуулганы хуралдаанаар хэлэлцэх шатанд “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага аваад байгаа юм. УИХ, Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авах нь бараг тодорхой болсон. Тэгээд ч намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг халах захиалгыг АН, МАН-аас өгсөн гэх баттай мэдээлэл бий. Тус хоёр нам сэм хуйвалдаж жагсаалтаас сонгогддог байдлыг хасаж, 100 хувь мажоритар болгохоор тохиролцсон гэдэг. Ингэх нь мэдээж өөрсдөд нь ашигтай байсан байж таарна.
Харин МАХН, ИЗНН, УИХ дахь эмэгтэй гишүүдээс эхлээд олон гишүүн Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцэж буй гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тэрбээр энэ талаар "13 жил буюу гурван сонгууль дараалан мөрдсөн “Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн хуулийн зааль гууль боллоо. Хуйвалдааны төрийнхөн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хууль өөрчлөөд л байг уу” хэмээн байр, сууриа илэрхийлжээ.
Үүгээрээ тэрбээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлснээс гадна үүнийг хуйвалдааны төрийнхөн буюу АН, МАН-ынхан захиалсан гэдгийг бататган хэлж өгөв. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон намынхантайгаа ил, цагаан үзэлцэж буй тэрбээр намынхаа нөхдийг хуйвалдааны төрйнхөн гэж нэрлэлээ. Үүнээс үзвэл тэрбээр АН-ынхантайгаа санаа, бодол таарахаа больсон нь тодорхой байна.
АН, МАН-ынхан уг үйлдлээрээ хууль зөрчиж буй нь хамгийн аюултай юм. Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалт бий. Бид уг заалтыг сүүлийн гурван сонгуулийн туршид мөрдөж ирсэн. Гэтэл энэ удаа хуулийн энэ заалтыг үл ажран сонгууль болохоос хоёрхон сарын өмнө сонгуулийн хуулиар оролдох гэж байна. Энэ нь өөрөө төрд замбараагүй байдлыг бий болгож, улс төрийг савлуулдаг. Үүнийг АН, МАН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байж хуулийг уландаа гишгээд л Үндсэн хуулийн цэцээр өөрсдөдөө ашигтай дүгнэлтээ гаргуулж чадаж байна.
Хамгийн ноцтой нь улс төрчдөөс хараат бус ажилладаг гэх Үндсэн хуулийн цэц өөрөө улс төрчдийн гар, хөл болж ажилладаг гэдгээ үүгээр нотоллоо. Үүнээс харвал Цэц үндсэн хуулийн манаач, зөв үнэнийг дэнслэдэг байгууллага мөн үү гэдэгт эргэлзэж эхэлж байна. Өнгөрсөн сонгууль мажоритар, пропорциональ буюу холимог хувилбараар болсон. Өнөөдөр УИХ-д сууж буй гишүүд ч дээрх хувилбарын үр дүн. Гэтэл эргээд өөрсдийгөө үгүйсгэж эхэллээ.
УИХ-д цус сэлбэлт явагдахгүй зогсох нь.
Үндсэн хуулийн цэц бужигнуулах байсан юм бол сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард уг дүгнэлтээ гаргаад хэлэлцүүлэхгүй яав. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж УИХ-д эмэгтэй гишүүд болон залуу хүмүүс сонгогдох магадлал багасч байна. Тодруулбал, УИХ-д цус сэлбэлт явагдахгүй зогсох нь. Дээрээс нь жижигрүүлсэн 76 тойрог болговол мөнгөний сонгууль болно гэсэн үг. Жижигрүүлсэн тойрогт мөнгөтэй хүмүүс мөнгөөр зодож санал авна. Жижигхэн газарт мөнгө тарааж тоглохыг манайхан харин ч нэг гарамгай хийнэ.
Энэ сард явуулсан судалгаа тандалтаар АН-ын рейтинг навс унаж 10 хувь, МАН-ын рейтинг ч зохих хэмжээгээр уруудаж 16 хувь руу бууж ирсэн. Гэтэл АН, МАН-ын гол “дайсан” МАХН-ын рейтинг өсөж АН-аас давж МАН-руу дөхөв. ХҮН болон саяхан шинээр байгуулагдсан Г.Уянгын намын рейтинг өсч АН-тэй зэрэгцэх, тэр ч бүү хэл гүйцэж түрүүлэх магадлал бий болов. Ийм үед МАН, АН-д намын жагсаалтаар хэдэн суудал авах магадлал багасч байгаа юм. Харин МАХН тэднээс илүү суудал авах магадлалтай. Тиймээс л тус хоёр нам ийм шийдэлд хүрчээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (44)