Сүүлийн нэг сар орчмын хугацаанд 1072 хувьцааг худалдан авч байна гэх мэдээлэл цацагдаж, олон нийтийг хамарсан бөөгнөрөл үүсээд байгаа билээ. Тэгвэл энэ асуудаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос хамтран мэдээлэл хийлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүс маш олноор цугларч эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж үрж болдог болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна.
Эрх бүхий, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын шийдэх хэрэг. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж хэлж болохоор зарим нэг брокерийн компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан” гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэдэг асуудалд холбогдох шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй.
Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа. Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна. Тодорхой үр дүн гарсны дараа эргэн мэдээллэх болно. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Амгалан тайван байдал алдагдуулах, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж байсан иргэний өмч хөрөнгөд халдсан тохиолдол хүртэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ мэтчилэн нийгмийн дэг журам зөрчигдөх асуудал ихсэх хандлагатай байна" гэв.
Сэтгэгдэл (1)