"Боловсролын үнэлгээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль жил бүр МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг 11 дэх удаагийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус бага хуралд Монгол, Финлянд, Япон, БНХАУ, Хонгонк, Казахстан, Канад, ОХУ, Филиппин, БНСУ, ХБГУ, Францын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач оролцож санал бодлоо солилцож байна.
Энэ удаагийн хурал XXI зууны чадвар, чадамж, багш боловсролын хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүх шатны сургалт болон багш нарын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж байгаагаараа онцлог аж. Боловсролын үнэлгээний асуудлаар хийсэн багш, судлаач, эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүн, түүний үзэл санаа, ажиглалт, эргэцүүлэл нь боловсролын салбар дахь үнэлгээний тулгамдсан асуудлыг шийдэх гарц болох юм.
Дээд боловсролын чиглэлээр тавьж буй илтгэгчид их, дээд сургуулийн багш боловсролын хөтөлбөрийн үнэлгээний чанарын баталгаа, дээд боловсролын судалгааны ажлыг үнэлэх, оюутны мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх арга зүйн хувилбарууд, боловсрол дахь сургалтын үнэлгээний загваруудыг туршсан судалгааны үр дүн, их, дээд сургуулийн багшийн ачааллыг үнэлэх, оюутны өөрийн үнэлгээний арга зүйг боловсронгуй болгох зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дунд сургуулийн сурагчдын өөрийн үнэлгээ, асрамж , халамжийн төвд амьдарч байгаа өсвөр насныхны хөгжлийн давуу чанарыг хөгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн нормативыг тогтоох туршилт, судалгааны үр дүн зэрэг ерөнхий боловсролын сургуулийн болон хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудлуудыг хэлэлцэж байна.