Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн төв номын санд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. Энэ бол даавуун дээр зүү ороох болон хонин холбоо оёдлоор урлан шаглаж бүтээсэн 180 метр урт “Монголын нууц товчоо” юм. Уг бүтээлийг урласан Т.Сумъяатай цөөн хором ярилцлаа.
-Ийм бүтээл хийх санаа хэрхэн төрөв. Хэр удаан хугацаанд урласан бэ?
-2005-2007 оны хооронд урласан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хийж эхэлсэн юм. Гэхдээ тэрхүү түүхэн ойгоор дуусгаж хараахан амжаагүй. “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг ингэж даавуун дээр шаглан урлах санааг анх гаргасан хүн нь миний хань, зохиолч, сэтгүүлч Хон хэрээдийн Д.Энхбат. “Монголын нууц товчоо”-г ирээдүй хойч үеийнхэн, хүүхэд, залуучууддаа хүргэе. Мөн хосгүй ганц хэлбэрээр бүтээн дэлхийн бүх оронд дэлгэн толилуулна гэсэн зорилготойгоор энэ ажлыг анх эхэлсэн. Монголчууд эрт дээр үеэс номыг дээдэлж ирсэн. Хамгийн гайхамшигтай, хамгийн үнэтэй юмаа номонд зориулж ирсэн. Есөн эрдэнээр ном бүтээсэн ард түмэн шүү дээ. Тэр л өвөг дээдсийнхээ ур ухаан, ёс жаягийг ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээе гэсэн ийм санаачилга анх гаргасан юм. Ингээд л манай гэр бүл энэ үйлсийг эхлүүлэн, “Монголын нууц товчоо”-г оёсон доо.
-Ямар материал дээр оёсон бэ. Номын хоёр талын эмжээрээс эхлээд өнгө, тооны бэлгэдлийг нэлээд анхаарсан юм шиг санагдлаа?
-Хээгүй хөх пүүсүүн дээр оёсон. Монголчууд бид өөрсдийгөө хөх монголчууд, хөх толбот монголчууд гэж нэрлэдэг. Мөн хөх мөнх тэнгэрээ шүтдэг. Эзэн богд Чингис хаан маань Их Монгол Улсаа байгуулаад “Миний ёс журам, түүх цадигийг хөх дэвтэрт дэвтэрлэсүгэй” гэж хэлсэн байдаг. Үүнийг бэлгэдэж “Монголын нууц товчоо”-г хөх пүүсүүн дээр урласан. Эмжээр өнгө нарийн бэлгэдэлтэй. Монголчууд орчлон дэлхий таван махбодоос тогтож, эдгээр махбодын нэгдэл задралын үрээр амьдрал үргэлжидэг гэж үздэг. Тиймээс таван махбодын өнгөөр эмжсэн. Энэ нь нөгөө талаар хүний сэтгэлийн өнгө аясыг мөн илэрхийлдэг. Шар өнгө тэжээн тэтгэхүйг, хар өнгө хүч чадлыг, цагаан өнгө цэвэр ариуныг, улаан өнгө мандан бадрахыг бэлгэддэг. “Монголын нууц товчоо” маань нийт 180 метр урт. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг 360 градус гэж үзээд түүний талаар нь тооцсон. Эзэн Чингис хаан маань дэлхийн талыг эзэлсэн гэдгийг үүгээр бэлгэдсэн. Бүлэг бүрийн гарчгуудыг зүү ороож, бусад эхийг нь хонин холбоогоор оёсон.
-Зургуудын эх загвар нь хэний бүтээл вэ?
-“Алун гуа эх таван хүүхдийн хамт” гэдэг зураг нь зураач Дүүрэнтөгсийн бүтээл. Бусад 24 зургийг нь бурханч лам Г.Пүрэвбат багш зурсан.
-Энэ бүтээлийг оёход хэчнээн хүн гар бие оролцсон бол?
-Анх оёж эхлэхэд тав, зургаан хүн оролцсон. Уран хатгамалч Оюундарийн хоёр бүтээл бий. Хэрлэн, Нарантуяа, Цэнд-Аюуш нарын хүмүүс мөн гар бие оролцсон. Гэхдээ нэг хоёр мөр оёод л шантраад явчихдаг юм билээ. Ер нь миний охин Гуамарал л 80 хувийг нь хийсэн. Бүх үгийг бичиж, торгон дээр бүх зургийг буулгаж зурна гээд л маш их хөдөлмөр орсон. Нийт 5280 мөр, 7428 үг, 191793 үсгийг оёсон гэсэн тооцоог бид гаргасан. Энэ бүтээлийг хийхэд 12500 цагийг зарцуулсан. Энэ бол ажлын цагаар тооцох юм бол таван жилийн хугацаа гэсэн үг. Үүнийг бид хоёр жилд багтааж хийсэн гэхээр нойр хоолгүй шахам л суусан даа.
-“Монголын нууц товчоо”-гоо Гиннест бүртгүүлэх үү?
-Үүнийг маш их хүсч байна. Монголчуудын үүх түүхийг өгүүлсэн энэ агуу зохиол Гиннест бүртгэгдэх юм бол Монголын нэр сүр гарна. Яаж бүртгүүлэхийг мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс нь туслаасай билээ гэж бодож байгаа. Ард түмэн маань үүнийг яаж үнэлэх нь вэ гэдгийг эхлээд харъя. Санал сэтгэгдлээ харамгүй илэрхийлээсэй.
-Энэ бүтээлээ та бүхэн есөн жилийн өмнө урлаж дуусгасан юм байна. Өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй юу?
-Энэ номыг хийж дуууссаны дараа нөхөр маань хэрэгт холбогдсон. Хүний сайхан хүүгийн алтан амь үрэгдээд, хань маань хар гэрт ороод байхад үүнийг олонд үзүүлж, ил гаргаад яахав гээд л хав дарчихсан. Сая хань маань Дээд шүүхэд давж заалдсан ч ялаас нь нэг ч өдөр хассангүй. Миний ингэж эмзэглэж харамсч байгаа сэтгэлийг маань хэн ч ойлгохгүй юм байна гэж бодсон. Тиймээс би яахаараа өөрийнхөө бүтээлийг дарж байх ёстой юм гэж бодоод “Монголын нууц товчоо”-гоо анх удаа олон түмэндээ дэлгэн үзүүлж байгаа маань энэ.
Г.САНЧИР