“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан талаар Мэргэжлийн хяналтын газраас мэдээллэж байна.
Нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн 564 эклер, үйлдвэрийн байранд байсан 586, хугацаа дууссан бусад нэрийн нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.
Мөн ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, 4 хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчины дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчны зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” илэрсэн” байна. Өөрөөр хэлбэл, энэ нь гэдэсний өвчин үүсгэдэг нян аж.
“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн байна.
Хордлого гарснаас хойш Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хордлогын шалтгааныг тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)