АН, МАН-ын найруулсан жүжиг амжилттай өрнөж байна. Сонгуулийн пропорциональ тогтолцоог халсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт орууллаа. Ингэснээр сонгуулийг 100 хувь мажоритар системээр явуулахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг халж байна гэсэн үг.
Дээрээс нь мууд муухай гэгчээр сонгуулийн тойргийг нэг мандаттай жижиг 76 болгож орхив. Холимог тогтолцоог халах захиалгыг АН, МАН-аас өгсний дагуу Цэцээс дээрх дүгнэлтийг гаргасан гэдэг. Гэхдээ тус хоёр намын гишүүд бүгдээрээ гараа өргөөд захиалсан юм биш л дээ. Зөвхөн удирдлагуудын түвшинд тохиролцсон нь тодорхой. Тиймээс өнөөдөр ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг эсэргүүцэх гишүүд АН, МАН-ын аль, алинд нь байна. Ялангуяа эмэгтэй гишүүд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Холимог тогтолцоог халсанаар эмэгтэйчүүд болон залуусын УИХ-д орж ажиллах боломж хумигдаж байгаа юм. Улс төрийн намууд аль болох парламентад олон сонгогдож иргэдэд танил болсон, их мөнгөтэй эрчүүдээ тойрогт өрсөлдүүлнэ. Эмэгтэйчүүдийг мөнгөгүй, эрчүүдэд ялагдана гэдэг шалтгаанаар тойргоос түлхэнэ.
Залуусыг ч мөн дээрх шалтгаанаар хаяна. Тэгэхээр тэдний УИХ-д ажиллах ганц боломж үгүй болж байна гэсэн үг. Эцэстээ залуус болон эмэгтэйчүүдийн улс төрд ажиллах боломж хумигдаж, парламентын төлөвшил бүдгэрч, цус сэлбэлт нь зогсоход нөлөөлнө. Нөгөө л мөнгөтэй хүмүүс УИХ-д сонгогдож бизнесээ өргөжүүлж, мөнгөө аривжуулдаг байдал хэвээр үлдэх юм. Манай улс 1992, 1996, 2000, 2004, 2008 оны сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан байдаг. Жижиг 76 тойрогтой байх нь улстөрчид сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авахад хүргэж байна. Маргаан, будлиан их гардаг гэж шүүмжилсээр 2011 онд сонгуулийн хуулиа өөрчилсөн. Тодруулбал, УИХ-ын 48 гишүүнийг 26 тойргоос, үлдсэн 28-ыг намын жагсаалтаар сонгох холимог хувилбарыг УИХ баталсан. Улс төрчид ч Монгол Улс нэг алхам урагшиллаа, дэлхийн нийтийн жишиг рүү ойртлоо хэмээн ам уралдан ярьж байлаа. Гэтэл өнөөдөр нэг алхам урагшилсан дэвшлээсээ хоёр, гурван алхам ухрав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар гэх мэт олон гишүүн эмэгтэй гишүүдтэй ижил байр, суурьтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “13 жил буюу гурван сонгууль дараалан мөрдсөн “Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн хуулийн заалт гууль боллоо. Хуйвалдааны төрийнхөн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хууль өөрчлөөд л байг уу” гэдгийг мэгдэгдэж байсан. Гэтэл тухайн үед түүнийг улс төрийн шоу хийж байна гэх хүн олон байсан ч үнэхээр л түүний хэлснээр АН, МАН-ын хуйвалдаж хууль зөрчөөд Сонгуулийн хуулийг өөрчилчихлөө. Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх хуулийн заалт бий. Бид уг заалтыг сүүлийн гурван сонгуулийн туршид мөрдөж ирсэн.
Гэтэл энэ удаа хуулийн энэ заалтыг үл ажран сонгууль болохоос хоёрхон сарын өмнө сонгуулийн хуулиа өөрчиллөө. Өнөөгийн хууль тогтоогчид, 2012 онд гаргасан шийдвэрээ дөрвөн жилийн дараа, Сонгууль болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө үгүйсгэсэн нь энэ. Сонгуулийн пропорцианаль тогтолцоо нь УИХ-ын гишүүдийг жалга довны үзэл гаргахад хаалт болдгоороо давуу талтай. Гэтэл одоо 100 хувь мажоритар тэгээд 76 жижиг тойрогт сонгууль явуулсаны дүнд “Манай сумын сургууль, эмнэлэг, худгийг шинэчлэх шаардлагатай” гэж ярьсан хүмүүсээр УИХ дүүрнэ.
Харин томсгосон тойргийн сул тал нь нэг намынхан нь өөр хоорондоо өрсөлдөж, ялалт байгуулахын тулд биесийнхээ бузар, булхайг дэлгэж, үзэлцэх гэдэг талтай. Гэхдээ жалга довны үзэл гарахаас илүү дээр хувилбар юм. Төсвийн мөнгийг хайр, гамгүй жижиг, сажиг ажилд цацаж дуусгаснаас бодлогын түвшинд, улс оронд хэрэгтэй томоохон төслүүдийг хамтраад хэрэгжүүлсэн нь дээр билээ.
Сэтгэгдэл (21)