Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны сонгуульд Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ыг оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тэгвэл уг асуудлаас үүдэж ИЗНН Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдсэн юм. Тэдний байр суурийг "24VS24" буландаа онцолж байна.
Ч.Содномцэрэн: ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Нам эвслүүд сонгуулиас өмнө 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн.
Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурсан дарга нь дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан” гэсэн юм. |
Ц.Ганхуяг: СЕХ манай намыг бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог бидэнд олгоогүй
Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид мэдээлэл хийв. Тэрбээр “СЕХ Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг энэ сарын 2-нд гаргасан.
Гэтэл манай намд албан ёсоор энэ сарын 4-нд буюу өнөөдөр 08.45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. Тиймээс СЕХ манай намыг бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог бидэнд олгоогүй. Мөн эрхзүйн хувьд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна” гэв.
|
Сэтгэгдэл (3)