Донтолт нь АНУ-ын хамгийн өртөг өндөртэй эрүүл мэндийн асуудал болжээ. Аажмаар даамжран үргэлжлэх өвчин гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээгүй, цаг хугацаа өнгөрөх тусам улам даамжирч байдаг аж. Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсад мансууруулах бодис, архины хэрэглээ болон түүний эрүүл мэнд, нийгмийн хор уршиг нэн тулгамдсан асуудал болоод байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр манай улсад 10000 хүн амд ногдох мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг (F10-F19)-тэй өвчтөн 2003 онд 35.6 байсан бол 2008 онд 40.9, 2012 онд сэтгэц, зан төрхийн нийт эмгэг 10000 хүнд 112.8 байгаагаас гадна өвчтөнүүдийн 60 орчим хувийг архи хэрэглэдэг хүмүүс эзэлж байна. Тиймээс “Бидний тусгал” ТББ –аас “Эрүүл Монгол хүн” төслийн хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, Дүүргийн цагдаагийн хэлтэс, Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эрүүл идэвхитэй амьдрал клуб болон сургалтын төвтэй хамтран Архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс татгалзах арга барилыг эзэмшүүлэх тусгай хөтөлбөрт сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 83 бага сургууль, 82 дугаар ахлах дунд сургуулийн 600 гаруй хүүхэд хамрагдав.
Эмч, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахын зэрэгцээ нөхөрлөж байгаа найзуудыг нь мэдэх, энэ талын боловсрол, мэдлэг олгоход анхаарах хэрэгтэй аж. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүд найз нөхдийн ятгалага, сониуч зан болон хүчирхийлэлд өртөн архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол өндөр хувийг эзэлдэг байна.