БЗД-ийн 2-р хороо "Сэлбийн 1-р гудамжинд баригдаж буй барилгаас хүн унаж гэмтсэн" гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад "....." ХХК-ний захиалгаар "...." ХХК-ний барьж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын 9 давхарын цонхноос туслах ажилтан СБД-ийн 13-р хороонд суух 46 настай эрэгтэй Э нь 3 давхарын өргөтгөл дээр унаж нуруу, хүзүү, тавхай хэсгээр бяцарсан гэмтэл авчээ. Гэмтсэн иргэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор барилга, засварын ажлууд ид өрнөж байна. Тэгвэл энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваар ихээр гарч, иргэд бэртэж цаашлаад амь нас алдах тохиолдол гардаг. Тиймээс сонор сэрэмжээ алдахгүй байж, хамгаалалтын хувцас өмсөж, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.