АТГ-т хянуулахаар ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалын ангилал, төрлөөр нь авч үзвэл нэлээд сонирхолтой дүр зураг гарсан байна. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамгийн олон хүн буюу 2851 хүн жил дөрвөн сарын хугацаанд томилогдсон байжээ.
Тэгвэл төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд 1725, төрийн захиргааны удирдах албан тушаалд 1330 этгээд томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийг бодвол өссөн үзүүлэлт аж.
Мөн ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалаар нь авч үзвэл мэргэжилтэн 1117, хэлтсийн дарга 727, улсын байцаагч 562, албаны дарга 557, газрын дарга 417, ахлах мэргэжилтэн 356, ТУЗ-ийн гишүүн 292, тасгийн дарга 219, цагдаагийн байгууллагад 199 хүн томилогдсон байна. Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч 181, нягтлан бодогч 162, ерөнхий нягтлан бодогч 121, шүүгчийн туслах 109, сургуулийн захирал 107, хянан шалгагч 107 удаа байгаа нь бусад албан тушаалаас олон байжээ.
Үүнээс гадна АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Ингэхэд 2015 оны нэгдүгээр сарын1-нээс 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны хооронд нийт хүлээж авсан 10036 мэдүүлгийн 97.1 хувийг хянан үзсэн байна.
Нийт 10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 553-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлтэй гэх хариуг өгчээ. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгсөн байна.