Сонирхогчдын боксын Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Химийн цом”-ын алтан медальт, улсын гурван удаагийн аварга, Монголын шигшээ багийн 56 кг-ын жингийн шилдэг боксчин Э.Цэндбаатартай ярилцлаа.
-Чехийн гранприд түрүүлсэнд баяр хүргэе. Олимпийн наадмын эрх олгох тэмцээний өмнөх хамгийн том сорил энэ байсан болов уу?
-Би энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээний өмнөх сорил тэмцээн яах аргагүй энэ байлаа. Эхлээд Молдавын Д.Бускаг онооны илт давуу ялж, дараа нь Польшийн П.Матеусыг гурван раунд илүүрхэж мөнгөн медалийн болзол хангасан. Финалд 2015 оны ДАШТ-д Д.Отгондалай ахад дийлдсэн Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Италийн боксчныг ялж аваргалсан даа.
-Та энэ тэмцээнд яагаад жин өгсч тулалдсан бэ?
-Чехийн гранпригийн доод хоёр жинд тулаан болоогүй. Иймээс 52 кг-д тулалдах байсан Х.Энх-Амар ах миний жинд (56 кг-д), би 60 кг-д хүч үзсэн. Гэхдээ сарын дараа Азербайжаны Баку хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд жиндээ тулалдана.
-Он гарснаас хойш “Рио-2016”-гийн эрх олгох тэмцээнийг эс тоочвол олон улсын гурван тэмцээнд та босоо байлаа. Энэ эрчээрээ зүтгэвэл олимпийн эрхээ төвөггүй хүртэх юм байна?
-Өнгөрсөн сард БНХАУ-ын Чань-Ань хотод болсон “Рио-2016”-гийн эрх олгох тэмцээнээс олимпийн наадмын эрхээ авах юм байна гэдэг бодол төрж байсан. Үнэнээ л хэлье. Тэгэхэд миний бэлтгэл сургуулилтын төвшин “Химийн цом”, Чехийн гранприд түрүүлдэг шиг сайн байлаа. Гэсэн ч би ялагдсандаа гутраагүй. Бурхан намайг Азербайжанд болох тэмцээнээс Риогийн эрхээ ав гээд байгаа юм байлгүй дээ (инээв).
-Та уг нь өнгөрсөн жилийн улсын аваргад түрүүлээд тив, ДАШТ-д оролцох ёстой байв. Гэвч таны оронд Э.Идэрхүүг явуулсан. Энэ шийдвэрт харамссан уу?
-Харамсаагүй. Ээлж нь ирээд би өнгөрсөн сард олимпийн эрхийн тэмцээнд явсан шүү дээ. Ирэх сард бас явах гэж байна.
-Тэгэхэд “Би хэрэв Э.Идэрээгийн оронд явсан бол” гэдэг бодол төрсөн үү?
-Мэдээж. Надад өмнө нь ялагдаж байсан хоёр боксчин хүрэл медаль хүртсэн шүү дээ.
-Та олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган (Э.Бадар-Ууган хуучин дүрмээр 54 кг-д тоглодог байв), олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын жинд тулалддаг. Монголчууд таны одоо гаргасан амжилтаас илүүг хүлээж суугаа байх?
-Харин тийм ээ. Энэ агуу амжилтуудыг залгах хүн нь би гэж бодохоор л хариуцлагатай үед алдаа гаргах ёсгүй гэдгээ ойлгож, хичээж явдаг. Бакугийн рингнээс олимпийн эрхээ заавал авна гээд өөртөө хатуу болзол тавьчихсан байгаа.
-Боксоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Найм. Би энэ жил 19 хүрч байна. Багадаа нэлээд дүрсгүй хүүхэд байсан. Энэ нь ч спортоор хичээллэхэд, амжилт гаргахад сайнаар нөлөөлсөн. Мөн “Бээжин-2008” олимпийн наадмаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба ахын тулалдахыг хараад бокс тоглох амархан юм байна гээд Б.Энхтайван багшийн “Баянгол” гэдэг нэртэй секцэнд анх бүртгүүлж байлаа. Одоо ч багш маань надад зөвлөдөг.
-Найман жил болж. Бокс тоглох тэгээд амархан байна уу?
-Яалаа гэж. Тэгэхэд жаахан хүүхэд байсан юм чинь. Боксын спорт хэцүү ш дээ ах минь (инээв). Би одооноос л дөнгөж боксыг ойлгох гэж байна.
-Том хүн болоод харах өнцөг нь өөрчлөгдөж ээ дээ?
-Хүн болгон намайг таньдаг, хүндэлдэг, яг л Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ ах нар шиг мундаг болохыг хүсч тэмүүлдэг. Үүнд хүрэхийн төлөө тэмцээн уралдаан алгасахгүй, бэлтгэл сургуулилтандаа хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа. Би заримдаа гудамжинд явахдаа “Би чадна аа” гээд хашгирч өөрийгөө зоригжуулдаг. Ямар ч байсан 100 медаль авна гээд өөртөө зорилго тавьсан.
-Боксоор хичээллэснээр юу өөрчлөгдөв?
-Дүрсгүйтэхээ больсон. Одоо бол даруухан болсон ш дээ.
-Өөрт чинь аз авчирдаг Монгол малгай байдаг гэж дуулсан юм байна?
-Аан, тэр үү. 2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэхэд Э.Энхтайван багш надад бэлэглэсэн юм. Тэр малгай намайг олон найзтай болгосон доо. Тэмцээн дуусч тамирчдын хүлээн авалт болоход Филиппиний алдартай дуучин бүсгүй намайг бүжгэнд урьж билээ. Гадны тамирчид малгайгаа зарах уу, нэг бол солилцох уу гэж асуудаг юм. Нэг нөхөр бүр 100 ам.долларын санал тавьсан. Би тэгэх бүрт нь татгалзсан хариу өгдөг. Тэмцээн уралдаанд оролцох бүртээ малгайгаа авч явдаг юм.
-Та Олон улсын боксын холбооны “Pro boxing” гээд хагас мэргэжлийн рингэнд тулалдаад үзчихсэн. Сонирхогчийнхоос мэргэжлийн рингэд үзэхийн ялгааг хэр мэдэрсэн бэ?
-Би “Pro boxing”-ийн рингэнд ганц л удаа тулалдсан. Зургаан раунд тулалддаг тэмцээнд Туркийн тамирчныг ялсан. Ирэх жилээс хагас мэргэжлийн рингэнд үргэлжлүүлэн тулалдах бодолтой байгаа. Мэргэжлийн боксын бээлийний зузаан нь сонирхогчдынхоос нимгэн байдаг болохоор хүнд цохилт гарах магадлал нь илүү байдаг юм билээ. Тэгээд хүнд цохилт эрэлхийлдгээрээ сонирхогчдынхоос бага зэрэг ялгаатай. Гэхдээ сонирхогчдын бокст ч хүнд цохилтоор унах боломж олон бий. Энэ дашрамд, надад тусалж дэмждэг Бизъяа ах болон “Хүчит чулуу” компанийн гүйцэтгэх захирал Л.Бат-Эрдэнэ ах, шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Э.Энхтайван, ЭМСЯ, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын боксын холбоо, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа гээд олон хүнд талархаж явдгаа хэлмээр байна.
Д.ЖАВХЛАН