Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг халах солих асуудлыг ярих бүрт орных нь хүнд “Сахал”, “Боевик” хочтой Бригадын генерал Б.Билэгтийн л нэр дуулддаг. Түүнээс өөр супер эрхэм энэ салбарт алга гэж эндүүрмээр. Тэр нь очсон газар бүртээ хэл ам дагуулах нь зуршил болсон. Тагнуул, цагдаа харин одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Аз уу, эз үү энэ дундаас хожих нэгэн байхад хохирсон нь олон гэлтэй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байдал ямар байгааг Авлигатай тэмцэх газраас Төрийн албаныхны томилгоонд хийсэн судалгаа харууллаа. Өнөөдөр дэлгэсэн энэ судалгаанаас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамгийн олон томилгоо хийснээрээ толгой цохьж явна. Эдгээр нь хууль зөрчсөн эсэхийг бид дараагийн дугаарууддаа баримттайгаар хүргэх болно. Ийнхүү хардах бас нэгэн үндэслэл нь ШШГЕГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан гэх гомдолтой 12 алба хаагч өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагад хандаад явж байна. Тэднийг хууль зөрчин ажлаас нь халсныг шүүх байгууллага эхнээс нь тогтоогоод байгаа. Харин энэ удаад ганцхан жилийн дотор хорих ангийн даргыг дөрвөнтээ сольсон явдлыг онцлохыг хүслээ. Жилийн дотор хийсэн энэхүү томилгоог хууль ёсных гэж харахад хэцүү. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ганхуягийг тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлж энэ асуудал өдгөө шүүхийн шатанд явна. Хэл амтай халсан Ганхуяг даргын оронд хурандаа Б.Амардоржийг томилсон байна. Гэтэл ажилдаа дадаж байсан хурандаа Б.Амардоржийг өөр хорих анги руу шилжүүлж, оронд нь Д.Алимаа гэгчийг томилжээ. ШШГЕГ-т удирдах албан тушаалтны томилгоо тоглоом болсны илрэл энэ. Ингээд дуусахгүй. Хорих 407 дугаар ангийн даргаар томилогдоод удаагүй Д.Алимаа нь удалгүй ШШГЕГ-ын Сургалт хариуцсан тасгийн даргаар суга дэвшжээ. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги албан тушаал горилогчдын, эсвэл дэвшигчдийн дамжигч бааз болоо юу гэлтэй. Өдгөө тус хорих ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг ажиллаж байна. Түүнийг ШШГЕГ-ын дарга Б/458 тоот тушаалаараа томилсон ч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулаагүйн дээр Д.Уранчимэгийн нөхөр ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир аж. Нөхрийнхөө татаасаар энэ албан тушаалд очсон гэх хардлага байдаг ч энэ бүхнийг холбогдох газраас шалгаж тогтооно биз ээ. М.Алтан-Очирын хувьд хорих ангид данстай мал дутаасан хэрэгт холбогдож байсан нэгэн. Түүний энэ болоод бусад хууль бус үйлдлийг хэсэг сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг “Хар дэвтэр”-т баримттайгаар нийтэлсэн байдаг билээ.
Энэ бүгдийг түр орхиод ШШГЕГ-ын даргын хууль зөрчсөн томилгоо руу эргэн оръё. Өдгөө тус газрын Сургалт хариуцсан тасгийн даргаар ажиллаж байгаа хурандаа Д.Алимаа нь Багануур дэх Хорих 427 дугаар ангийн хянагчаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Өнгөрсөн жил буюу 2015 онд Цагдаагийн академи төгссөн ч ганцхан жилийн дотор дэд хурандаа, хурандаа гэх эрхэм цолыг гэрлийн хурдаар хүртсэн азтай эмэгтэй. Ажилласан жил, хийж бүтээснээрээ цол нэмж, албан тушаал ахидаг хатуу дэг журамтай энэ салбарт түүн шиг аз шовойсон нэгнийг олоод ир гэвэл алга биз ээ. Хамгийн гол нь энэ бүгд хууль журмын дагуу байсан уу гэвэл эргэлзээтэй. Зангарагтай, хариуцлагатай энэ албанд насаараа ажиллаад ч, мөрөөдөөд ч энэ цолонд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг нарнаас гал гуйхтай адил. Харин хурандаа Д.Алимаа хэний татаасаар, хэрхэн энэ албан тушаалд хүрснийг бид эргэн хүргэх болно.
Сэтгэгдэл (10)