УИХ-ын чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан талаар УИХ-ын гишүүд ямар, байр суурь илэрхийлснийг хүргэе.
С.Бямбацогт: Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан
- УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг сарын хугацаатай түр завсарлуулсан нь хуулийн хугацаанд батлагдах ёстой, хэлэлцүүлгийн шатанд яваа олон хуулийн төслийг тодорхойгүй байдалд орууллаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хаврын ээлжит чуулганыг энэ сарын 31 хүртэл хуралдуулаад завсарлуулахаар төлөвлөсөн. Гэтэл УИХ дахь намын бүлгүүд, гишүүдтэй зөвшилцөж ярилцалгүйгээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжилгүй завсарласан нь туйлын эмгэнэлтэй байна. Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан. Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа. Ам ажил нь зөрлөө. Эвгүй асуудлаас бултахын тулд эрх баригчид чуулганыг завсарлуулсан. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарыг чөлөөлөх асуудлыг АН-ын бүлэгт танилцуулж, бүлэг нь чөлөөлөхийг дэмжсэн гэсэн. Ерөнхий сайд нь энэ сайд нартай хамтарч ажиллахгүй чөлөөлнө гэтэл УИХ-ын дарга нь зориуд завсарлуулчихлаа. Давхар дээлийн тухайд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрвөн сайд л УИХ-ын гишүүний ажлыг давхар хашиж болно, бусад нь УИХ-ын гишүүний албыг хашиж болохгүй гэж ярьчихаад хэлэлцье гэхээр зориуд завсарлуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Чуулган завсарласан нь зөв гэж бодож байна
- Хуульд заасан хүрээнд сонгуулийн өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулиудыг хэлэлцэж дууссан. 2015 оны төсвийн гүйцэтгэл, сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульд заасан улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар Засгийн газар Их хуралд мэдээлэл хийх учиртай байдаг. Энэ асуудлуудаа шийдчихсэн. Хувь гишүүний хувьд чуулган завсарласан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. УИХ-аас гарч буй хууль нь нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулдаг. УИХ-ын гишүүд болон нэр дэвшигчийн аль аль нь сонгуульд бэлдээд юун чуулганы хуралдаан манатай болчихоод байна. Ирц багатай чуулганаар чанаргүй хууль баталчихвал иргэдэд улам л сөрөг нөлөөтэй тусдаг. Тэр утгаараа цөөнхийн зүгээс ч гэсэн чуулганаа завсарлуулаач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс хуульд зааснаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы отгон хуралдааныг завсарлууллаа. Ардчилсан сонгууль болоод дараагийн Их хурал нь томилогдоод ажлаа үргэлжлүүлээд л явна. Тавдугаар сарын 23-27-ны хооронд намууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж, зарлана. Намуудын зүгээс сонгуулийн хороо, хуулийн байгууллагадаа олон баримт бүрдүүлж өгөх ёстой байдаг. Парламентад суудалтай болон суудалгүй намууд орон нутагтаа нэр дэвшигчдээ тодруулж байна. Тэр утгаараа нэр дэвшиж байгаа хүмүүс орон нутагт ажиллаж байгаа л даа. Тиймээс энэ хугацаанд чуулган ямар ч үр дүнгүй байхаар байсан.
Н.Энхболд: Чуулганыг улс төрийн зорилгоор завсарлуулсан
- УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцүүлгийн шатанд явж байсан, батлагдах боломжтой байсан олон хуулийн төслүүдийг нэрлэсэн юм. Тэрээр "Есдүгээр сарын 1-нээс үйлчлэх ёстой Эрүүгийн хуулийг дагалдаж гарах нэлээд хуулийн төслүүд хүлээгдэж байсан. Чуулганыг завсарлуулсны улмаас энэ бүх хуулийн төсөл хойшилж байна. Хууль хамаагүй, эрх баригч намын удирдлагын эрх мэдэл хуулиас дээгүүр үйлчилдэг хууль бус үйлдэл үргэлжилсээр байгаагийн нэг жишээ энэ болж байна. Тодорхой бус шалтгаанаар АТГ-ын удирдлагыг томилохгүйгээр сонгуульд оролцож байна. Сонгуулийн хуульд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон чухал заалт бий. Энэ нь цаанаа сэжиг хардлага дагуулж байна. Ингэснээрээ сонгуулийн өмнө маш том асуултын тэмдэг үлдээж байна. Үндсэндээ хэлэлцээд дуусч байсан хэд хэдэн хууль бий. Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж батлах боломж байсан. Нэгэнт бодлого нь батлагдсан бол дагалдах хуулиуд цаг алдахгүй гарах ёстой. Хугацаа алдах тусам төрийн ажил гацах, эргээд улс орны амьдралд хохирол учруулдаг жишээ олон удаа гарч байгаа. ГХЯ-наас оруулж ирсэн Олон улсын гэрээний тухай, Дипломат албаны тухай, Гадаад харилцааны тухай зэрэг хуулийн төслийг АСЕМ-ын өмнө батлаад авсан бол бидний ажлыг илүү хөнгөвчлөх, гадаад харилцааг илүү оновчтой хөгжүүлэх ийм боломжийн суурийг тавих байв. Дараагийн Их хурал бүрэлдэж байж энэ олон хууль батлагдаж гарах нь. Ер нь чуулганыг гэнэт завсарлуулсан нь зүй бус завсарлага боллоо. УИХ хуралдаж байх хугацаанд хэлэлцэгдэх асуудлууд АН-ын нэр хүндэд сөрөг үр дагавар авчирч болзошгүй байгаа. Тиймээс улс төрийн зорилгоор чуулганыг хойшлуулсан гэж харж байгаа.
Ч.Улаан: Ирэх оны төсөв боловсруулах асуудлыг тодорхойгүй байдалд орууллаа
Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй хэлэлцэгддэг асуудал бол төсвийн асуудал байдаг. Тухайлбал, хаврын чуулганаар 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах хуультай. Ингэснээр ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг. Долдугаар сарын 1-нээс анхан шатны нэгжүүд, төсөвт байгууллагууд 2017 оны төсвөө боловсруулж эхэлдэг. Гэтэл чуулган энэ асуудлаа хэлэлцэхгүй завсарласан нь ирэх оны төсөв боловсруулах асуудлыг тодорхойгүй байдалд орууллаа. Ялангуяа 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг УИХ хэлэлцэх ёстой. Сонгуулийн өмнөх бүтэн жилийн тайлан гэдэг утгаараа энэ асуудлыг ул суурьтай хэлэлцэж, дутагдал зөрчлийг арилгахын зэрэгцээ ирэх оны төсөв анхаарах, бататгах ололт амжилт, сургамжийг олж авдаг. Засгийн газраас өргөн барихгүй байсаар хугацаа их алдлаа. 2017 оны төсвийн чанар чансаа үүнээс их хамаардаг. Иж бүрэн байдлаар явагдах ёстой 2017 оны төсөв боловсруулах ажилд технологийн саатал, тасалдал гарлаа. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын хувьд байж болшгүй зүйл. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-нд батлах ёстой ч амжихгүй боллоо. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, бодлогоо тодорхойлж байж төсвөө боловсруулах учиртай. Гэтэл уялдаа зохицуулалт хангагдахгүй, хууль зөрчигдөж байна. Чуулганыг яаран завсарлуулсан нь хуулийн хугацаатай олон ажлыг тасалдууллаа.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Би гайхаж байна.
-Яарч сандран завсарлуулах шаардлага байсан уу гэдэгт би гайхаж байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (10)