Ховд аймгийн Дөргөн сумын Агваш арлын дэнжид цоохор ирвэсийн сэг байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн дагуу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч П.Галбадрах, малын их эмч Б.Батжаргал нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж шалгажээ. Ирвэсийн нэг нүдийг шувуу тоншсон, биеийнх нь зарим хэсгийн үс унаж эхэлсэн байж. Мөн бууны сумны нүх, элдэв шарх сорви байгаагүй тул хүн агнаагүй гэж үзсэн аж. Идэш тэжээл хайсан ирвэс нуурын мөсөн бүрхүүл бүрэн унахаас өмнө Жаргалант хайрхан уулнаас бууж, өтгөн зэгс, шагшуурга бүхий хэсэг рүү ороод уул руугаа буцаж чадалгүй эрсэдсэн байх магадлалтай гэнэ. Энэ сарын 12-13-нд Дөргөн сумын ихэнх нутгаар хүчтэй шороон шуургатай байсан тул Хар-Ус нуурын хүчтэй давалгаанд үхсэн ирвэсийн сэг хуурай газарт шидэгдсэн гэж тэд үзжээ.