Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас залилан хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг нь хаасан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тайлбарыг өглөө.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь “МИАТ” ТӨХК-тэй хийсэн ажил үйлчилгээ үзүүлэх 88 сая төгрөгийн гэрээтэй холбоотой аж. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “МИАТ” ТӨХК нь 2013 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байдаг аж.
“МИАТ” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь “Эм Эн Пи Ар” ХХК, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн. Тэд гэрээгээр халхавчлан 88.4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа юм. Тиймээс хэрэгт 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа болно” гэв.
Сэтгэгдэл (17)