МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс гурав хоног өлсгөлөн зарлаад зогсоолоо. Тэрбээр өөрийг нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү өлсгөлөн зарласан юм. Улмаар тэд Тусгаар тогтнолын талбайд хоёр гэр барин өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан ч тодорхой хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү тэмцлийн хурц хэлбэрээс татгалзжээ. Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр орой 21 цагийн үед тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан байна. Түүнчлэн маргааш тэмдэглэх Эх үрсийн баярын хүрээнд тус талбайд олон арга хэмжээ зохион байгуулах тул энэхүү боломжийг хангах үүднээс өлсгөлөнгөө зогсоосон аж. Үүний зэрэгцээ өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал ч нэлээд доройтсон байна. МАХН-ын гишүүд дэмжигчид нэр дэвшүүлэх, сонгох сонгогдох эрхийг нь нээлттэй болгосон нөхцөлд цаашид тэмцлийн хүнд хэлбэрийг сонгохгүй байх бүрэн боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй учир нэр дэвшүүлэх боломжгүй гэж албаныхан тайлбарлаж байгаа. Харин Н.Энхбаяр “Би хэд, хэдэн удаагийн өршөөл, уучлалаар уучлагдсан. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж байгаа нь хэлмэгдүүлэлт” гэж байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Хүний эрхийн үндэсний комиссын зөрүүтэй тайлбарыг хүргэж байна. Тэд Н.Энхбаярын асуудлаар өөр, өөр байр, суурийг илэрхийллээ.
ХЭҮК
Н.Энхбаярт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт ял оноосон байна. Уг шийтгэх тогтоолын 4-т “Шүүгдэгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож “төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилээр хорих ялаар” шийтгэж, 2009 оны 07 дугаар сарьш 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг ... өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох” гэсэн ойлголт хамааралгүй болох нь тогтоогдож байна. Иймээс Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2. дахь хэсэгт заасан хэргийн хувьд ялгүй болсон байна. Уг нь 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг шүүхээр шийдвэрлэлгүй мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох байсан гэж үзэж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Хүн бүр улсаа удирдахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй", "Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй", Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн b-д “... жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхийг эдэлнэ", Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-т “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж тус тус заасан байх тул МАХН- ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ энэхүү дүгнэлтийг харгалзан үзнэ үү. |
УИХ-ын дарга З.Энхболд
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (62)