Залилангийн гэмт хэрэгтнүүд бусад гэмт хэрэг үйлдэгсдийг бодвол нийгэм болоод бусдад илүү их хор хохирол учруулдаг. Тиймдээ ч оноох ял нь хүртэл хатуухан байдаг боловч арав гаруй удаа хувь хүн болоод албан байгууллагад хэдэн тэрбумаар нь хохирол учруулсан залилагч этгээд өнөөдрийг хүртэл наранд тарвалзаж яваа нь хачирхалтай.
Амгаасэдийн Ганбат гэгч этгээд нь хүмүүсийг хамраар нь газар хатгатал хулхиддагаараа тун алдартай. Ёстой л залилангаар төгс мэргэжсэн гэхэд болно. Тэрээр нийтдээ 10 гаруй удаа залилангийн гэмт хэрэг үйлдэж байсан атлаа нэг ч удаа ял эдлээгүй нь шүүх, прокурорын танил талтайгаа залилсан мөнгөө хуваадагтай холбоотой гэж хохирогчид нь хэлж байна. А.Ганбатад залилуулсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр прокурор дээр очихоороо л хэрэг нь замхардаг гэнэ. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л прокуророос эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг байна. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн хохирогчидгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Ийнхүү уснаас хуурай гарсан тэрээр ердөө шүүх танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг. Хамгийн сүүлд тэрээр Б.М гэх эмэгтэйг 4.2 тэрбум төгрөгөөр хохироожээ. Сонгодог залилагч А.Ганбат нь анх М-ийн байрыг түрээслэн суужээ. Тэрээр анх М-ийн нөхөртэй танилцсан бөгөөд урьд өмнө тэд залилагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй, огт танихгүй нэгэн байсан аж. Гэвч тэрээр алхам алхмаар барьцаа лавшруулан 2013 онд иргэн М-ийн байрыг түрээсэлсэн үеэсээ л тэднийг онилж эхэлжээ. Ингэхдээ эхлээд тэднийхээр орж гаран, дасгах ажлаа чадамгай гүйцэтгэсэн байна. Тэрээр “Би хувийн амьдралаа бусдад дэлгэж болохгүй ноцтой шалтгаан байна, та хоёрт гэж итгэж хэлэхэд би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын төрсөн дүү Энхтуяагийн нөхөр юм. Улстөр, бизнесийн олон шалтгаанаас болоод Н.Энхбаяр гуайд хэрэг үүсгэн цагдан хорьсон, эхнэр Энхтуяаг маань интерполоор эрэн сурвалжлаад Монголдоо ирэх боломжгүй болгосон, хилийн чанадад эхнэр хүүхдүүд маань байгаа. Монгол Улсад эрхэлж байгаа бизнес, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, банкны харилцах данснууд минь битүүмжлэгдсэн маш хүнд байдалд явна. Худалдаа хөгжлийн банкны дансанд хадгалагдаж байгаа эхнэр бид хоёрын хамтын дансанд 4.0 сая доллар битүүмжлэгдсэн байгаа” гэх мэтээр тэдний итгэлийг олжээ. Түүний уйлах шахсан яриаг сонссон М-ийн нөхөр нь “Бид хүнийг ядарсан цагт нь туслах хэрэгтэй” гэсний үндсэн дээр тэд хоёр өрөө байрандаа түрээсээр суулгажээ. Ийнхүү тэдний итгэлийг олсон залилан мэхлэгч А.Ганбат хоёр өрөө орон сууцанд нь амьдрахын зэрэгцээ хөөрөг барьцаалан 35.000.000 /гучин таван сая/ төгрөг зээлсэн байна. Гэтэл өнөөх хөөрөг нь түүний хэлсэнчлэн үнэтэй хуучин цагийн хөөрөг ч биш аж.
Хачирхалтай нь А.Ганбат нь олон арван хүнд онц их хэмжээний хохирол учруулсан атлаа нэг ч удаа шүүхээс ял сонсч байгаагүй гэнэ.
А.Ганбат нь М-ийн байранд амьдарсан түрээсийн мөнгөө ч өгөхгүй зургаан сар амьдарч байгаад, нэг өдөр зугтаасан байна. Тэд түүний хаана юу хийж явааг хайгаад сургийг нь гаргаж амжаагүй байтал М-ийн нөхөр Б өвчний улмаас нас барсан аж. М нь тухайн үед нөхрийнхөө хувийн компанид оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, өмчлөгчөө тогтоолгох, бусдад хууль бусаар шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдээ хууль ёсны дагуу шилжүүлэн авахаар цагдаагийн байгууллагаар явж байжээ. Үүнийг мэдсэн, сураггүй алга болсон А.Ганбат М-д саймшран ирж уулзан “Надад итгэлтэй сайн зөвлөгөө өгөх хуульч нар байна, хуулийн байгулулага асуудлыг шалгахдаа зөвхөн чиний өмч хөрөнгийг хууль бусаар авсан хүмүүсийн данс, хөрөнгүүдийг битүүмжлэхээс гадна чиний өмч хөрөнгөнд зарим шалгалт хийгдэж, банкны харилцах данснууд чинь битүүмжлэгдэх магадлал өндөр, мөн гэртээ их хэмжээний бэлэн мөнгө огт байлгаж болохгүй эрсдэлтэй байдаг тул гадуур мөнгө хадгалах нь гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ гарахад хэрэгтэй шүү гэхээр нь М итгэн 2015 оны 1 дүгээр сарын 29-нд А.Ганбатад бэлнээр 200 сая төгрөгийг тоолж өгсөн байна. Үүнээс хойш тэрээр сар орчмын дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг Ховд аймагт алтны ордны “А” лиценз авч өгнө гэж хэлээд Хас банкны хувийнхаа 5001188671 тоот дансандаа хийлгүүлсэн аж. Лицензээ асуухад “Одоохон, удахгүй гарчихна, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна, би танилаараа аймаг, сумын удирдлагуудад хэлүүлсэн, санаа зоволтгүй” гэх мэтээр хуурсаар явжээ. Ингээд энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй байж дараагийнхаа залилан руу шуудран орсон байна. А.Ганбат нь ааг амьсгаа дээгүүр орж ирээд “Булган аймгийн Дашинчилэн суман дахь уурхайг хямдхан зарна гэж байна. Чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг нь зохицуулж өгье” гэж бас л баахан үнэмштэл нь ярьсан байна. Иймд М нь түүнд итгэн, 500 сая төгрөгийг тус компанийн захирал асан Эрдэнэдалайтай тохиролцон, эхний ээлжинд бэлнээр 200 сая төгрөг аваад явжээ. Харин маргааш нь А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лиценз болоод гэрчилгээ гартал хадгалж байхаар тохирсон байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа А.Ганбат нь иргэн М-ийн худалдаж авсан уурхайн лицензийг өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлэн Булган аймгийн Дашинчилэн дэх Бүдүүн ухаагийн уурхайн “Бэрхийн нурам” ХХК-ийн захирал болчихсон байжээ. Үүнийг нь мэдсэн М бусдын хөрөнгийг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх талаар асуухад “Энэ ерөөсөө чиний юм, хэн ч чамтай маргахгүй, цаасан дээр би эзэмшигч нь болохоос чи бүх хөрөнгийг оруулан худалдан авсныг талууд гэрчилнэ, гаргасан хөрөнгөөрөө ч тодорхой, би уурхайн ажлын туршлагатай, орон нутагт ажил хийхэд эмэгтэй хүнд маш хэцүү” гэх мэтээр тайлбарласан байна. Ингээд удалгүй уурхайн ч ажил эхэлсэн учир дээрх сэдвээр маргалдалгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, түлшний зардал, түрээсийн машинуудын төлбөр тооцоо, уурхайд ашигласан машин техник гэх мэт бүхий л урсгал зардлыг М хувиасаа гаргаж иржээ. Ийнхүү жил орчим ийм байдлаар явсан боловч А.Ганбат нь нэг ч удаа хөрөнгө оруулалт хийхгүй, мөн олборлосон алтнаасаа ч М-д хувь хүртээхгүй байсан тул багагүй эргэлзээ төрж эхэлсэн байна. Иймд өмнө нь авсан 200 сая төгрөг, мөн Ховдын лиценз авч өгнө гэсэн 350 сая төгрөгөө төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа татан, дүгнэнэ гэсэн үеэс М-ийг элдэв янзаар дарамталж эхэлжээ. А.Ганбат нь өмнө байсан шигээ зөөлөн зан гаргахаа больж, нэг л том компанийн захирлын дүрд тоглон “Би танил тал ихтэй, чамайг юу ч үгүй болгож чадна, чамайг гэх хэн байгаа юм” гэх мэтээр огт танигдахгүй хүн болж хувирсан байна. Түүгээр ч барахгүй Булган аймгийн Дашинчилэн дэх “Бүдүүн ухаа”-гийн уурхайн ажилчдынхаа нүдэн дээр М рүү элдвээр хашгичин, духанд нь буу тулган “Энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй, мэдэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлсэн байна. Үүгээр түүний сүрдүүлэлт зогссонггүй. Тэрээр олон хүнээс олон тэрбум төгрөг залилан луйвардсан учир байнгын айдастай явдаг байна. Иймд гурван анч нохой тэжээдэг бөгөөд унтахдаа хүртэл тэр гурваа хажуудаа байлгаж, бусдыг айлган сүрдүүлдэг байна. Гэтэл хөрөнгө оруулалтаа татна гэж хэлсний төлөө М-ийг буу тулган, хутга эргүүлэн, хүний цус амтлаад сурчихсан зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулсан байна. Байдал бишидсэнийг мэдсэн М оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулах, нийт гарсан зардлыг тайлагнан танилцуулах, хөрөнгө оруулалтын гэрээгээ дүгнэж тооцоо нийлэх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэтэл А.Ганбат нь нотариатчийн өмнө өөрт нь үлдэх гэрээний хувийг урж “Чиний юм гэж юву байдаг юм, чи ер нь юу хийж байсан юм, чи одоо яаж ч чадахгүй, энэ бол миний уурхай” гэж хэл амаар доромжлон дайрч, нотариатч эмэгтэйн хажууд зодохоор дайрч байжээ. Иймээс супер залилагч Амгаасэдийн Ганбат нь анхнаасаа түүнийг хуурч мэхлэх зорилготой байсан бөгөөд өөрөө ч түүнийгээ хэлдэг байна.
Түүний анх хэлж танилцсанаар, А.Ганбат нь Н.Энхбаярын хүргэн ч биш байсан бөгөөд түүний нэрийг барин залилан луйвраа хийдэг болох нь батлагдсан байна. Тэрээр энэ аргаараа олон хүнийг үнэмштэл нь худал ярьж, удаа дараа хохироож явсан нь ч цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлээс тодхон харж болохоор байгаа юм. А.Ганбат нь хууль хяналтын байгууллагаар нэлээдгүй олон удаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, өмч хөрөнгийг хувьдаа ашигласан, уул уурхайн лиценз гаргаж өгнө гэж бусдын луйвардсан хэргүүдээр шалгагдаж байсан байдаг. Гэвч хачирхалтай нь олон арван хүнд онц их хэмжээний хохирол учруулсан атлаа нэг ч удаа шүүхээс ял сонсч байгаагүй гэнэ. Тэрээр бусдыг залилан луйвардаж сурсан шигээ нэг хохирогч нь хуулийн байгууллагад хандахад өөр нэгнийг хулхидан, өмнөх залилснаа нөгөөд өгч аргалж сурсан нэгэн аж. Түүгээр ч барахгүй цагдаа, прокурорын байгууллагад танил тал ихтэй учир тэд нараараа аргалуулаад сурчихсан гэж хохирогчид нь хэлж байна. Түүнд луйвардуулаад мөнгө төгрөг, эд хөрөнгөө нэхэмжилсэн хүмүүс бүгд айдас хүйдэстэй явдаг гэнэ. А.Ганбат нь биедээ байнга гар буу авч явдаг, энд тэнд уулзъя гэж дуудуулчихаад зориуд тэжээсэн зодоонч нохдоороо уруулж айлгадаг учир хохирогчид шууд түүнтэй уулзахаас айдаг байна. Ингээд хууль журмынхаа дагуу цагдаагийн байгууллагад ханддаг боловч цагдаа дээр хэрэг үүсгээд, мөрдөн байцаалт явуулаад прокурорт шилжүүлэхээр нэг бол хэрэгсэхгүй болж ирдэг, нөгөө бол эрүүгийн хэргийг нь иргэний хэрэг болгоод явуулчихсан байдгаас залилан мэхлэгч А.Ганбат дараа дараагийнхаа хүмүүсийг залилсаар яваа юм. Тэрээр байнга залилан луйвар хийж явдаг учир тодорхой оршин суух хаяггүй бөгөөд бүртгэгдсэн хаяган дээрээ огт амьдардаггүй болохыг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан байдаг ч бас л ямар нэгэн аргаар хэрэгсэхгүй болгочихдог аж. Гэвч түүнд луйвардуулж, залилуулсан олон хохирогчид нэгдэж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа бөгөөд зөвхөн М-ийн нэхэжлэлд дурьдсанаар, “Бэрхийн нурамт” ХХК-ийн үйл ажиллагаанд гаргасан бүх зардал болох нийт 4.2 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Гэтэл ийм онц их хэмжээний хохирол учруулчихсан, оршин суух тодорхой хаяггүй супер залилагч Амгаасэдийн Ганбатыг өнөөдрийг хүртэл барьж хорихгүй байгаа нь харамсалтай. Тэрээр иргэн М-ийг уурхай дахь хөрөнгө оруулалтаа зогсоосноос хойш бусдыг луйвардах аргадаа шуудран орсон байдаг. “Шунхлай” компаниас 100 тонн шатахуун аваад мөнгийг нь өгөхгүй мурих гэж санаархсан, контейнер нийлүүлдэг компаниас мөн л луйвар хийхээр завдсан, нэгэн иргэнээс жолооны ангиллыг чинь D болгож өгье хэмээн мөнгө, бичиг баримт аваад алга болсон гэх мэтээр А.Ганбатад залилуулсан хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна. Нэг биш нэлээд хэдэн хохирогч онц их хэмжээний эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирчихоод байхад сэжигтэн этгээдийг барьж хорихгүй байгаа нь цаашид өөр олон хүнийг луйвардах боломжийг олгосоор байна. Тэрээр цагдаа прокурорт танил тал ихтэйгээ ашиглан, мөрдөн байцаагчийг дураараа загнан, мэдүүлэг өгөхөөр очихдоо сахал зүүн, зүсээ хувилган очсон аж. Энэ мэтчилэн алхам тутамдаа жирийн иргэдийг ч залилан мэхэлж, хууль хяналтын байгууллагаар ч тоглож тохуурхаж явдаг Амгаасэдийн Ганбатын ард чухам хэн гэгч прокурор хамгаалж байна вэ, Хууль зүйн сайд аа?
Сэтгэгдэл (26)