Сонгуулийн сурталчилгаа эхлээд арав гаруй хонож байна. Энэ хугацаанд цахим сүлжээ ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжлох явдал маш ихээр гарч байгаа. Тиймээс ч хууль хүчний байгууллагаас хуурамч хаяг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, зохисгүй хуурамч мэдээлэл тарааж байгаа хуурамч хаягийг илэрүүлж, эх сурвалжийг тодорхой болгох, тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх болсоноо мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр шөнө нэр бүхий гэрчийн мэдээллийн дагуу цагдаагийн газар шуурхай ажилласны үндсэн дээр нууцаар хуурамч бичлэг, эвлүүлэг хийж нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг том бүлэглэлийг илрүүлжээ.
Одоогийн байдлаар СХД-ийн цагдаагийн хэлтэс X хороололд байрладаг нэгэн бичлэгийн студийг битүүмжлэн шалгаж байгаа аж. Энэ шалгалтын үеэр УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ удаад түүний эсрэг дайралтаа илүү ноцтой болгож, секс бичлэг зохиомжилж байсан нь илэрчээ. Үүнийгээ сонгуулийн сурталчилгаа хаахаас өмнө олон нийтэд цацахаар бэлдэж байсан гэнэ. Уг хуурамч бичлэгийг хийхийн тулд гадаадаас өндөр хэмжээнд бэлтгэгдсэн таван график дизайнерийг хөлслөн авчирсан байх магадлалтай гэдгийг ч эх сурвалж мэдээлж байгаа юм.
Түүнчлэн дээрх бүлэг этгээдүүд нь нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой секс бичлэг бэлдсэнээс гадна монголчуудад хамгийн хүчтэй нөлөөлдөг Хятадын эрлийз гэсэн дараагийн зохиолоо ч гаргасан байжээ.
Мөн зөвхөн бичлэг тараахаас гадна бичлэгийг онлайнаар байршуулсны дараа сошиал сувгуудаар шэйр хийж, олонд хүргэх зорилготой 500 хүнтэй баг бэлтгэгдсэн байсан гэсэн мэдээлэл мөн байгаа юм. Энэ хэрэг тогтоогдвол УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан, гүтгэлэг хийсэн, садар самууныг сурталчилсан , заналхийлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн өндөр хэмжээний хариуцлага хүлээх юм. Л.Эрдэнэчимэг гишүүний эсрэг зохион байгуулалттай маш их хэмжээний хар мэдээлэл маш өндөр зохион байгуулалттайгаар цацагдан мөн бэлтгэгдэж байгаа нь Таван Толгойн нууц гэрээтэй холбоотой байх гэсэн таамаглал олон нийтийн дунд хэдийнэ тархжээ.
Сэтгэгдэл (3)