Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21.00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Өнөөдрийн сэдэв” нэвтрүүлэгт оролцож, сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчийн асуултанд товч хариулсан билээ.
Гэтэл Монгол ардын намын Сонгуулийн штабын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчсөн мэтээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан мэдээлж байгаа нь гүтгэлэгийн шинжтэй, улс төрийн соёл, хууль тогтоомжид нийцэхгүй алхам боллоо.
Төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа аливаа сонгуулийн үйл явцаас үл хамааран тасралтгүй, хэвийн үргэлжлэх учиртай бөгөөд энэ нь ард түмний нийтлэг эрх ашиг болон Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйл, Дөчдүгээр зүйл, Дөчин нэгдүгээр зүйлд заасан Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтад бүрэн нийцэж байгаа болно. Иймд цаашид сонгуулийн сурталчилгаагаа явуулахдаа хууль тогтоомж, улс төрийн соёл, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж ажиллахыг нийт нам, эвсэл, тэдгээрийн нэр дэвшигчдэд уриалж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Сэтгэгдэл (9)