МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцаж буй бичлэг олон нийтэд ил болсон. МАН-ын зүгээс уг бичлэгийг хуурамч бичлэг, эвлүүлэг хэмээн тайлбарласан. Тэгвэл уг бичлэгийг эвлүүлгээр хийгээгүй нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон гэдгийг Ардчилсан намаас мэдэгдлээ. Тиймээс тус намаас УЕПГ, АТГ, ТЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудад хандаж уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэхээр шийджээ.
Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр дөнгөж сая уг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын хэлтсийн дарга Э.Амарбатад хандаж тус бичлэгийг шалгаж МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцохыг хүссэн албан бичгийг өглөө.
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр энэ үеэр "МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан ноцтой баримтууд олон нийтэд ил болсон. Уг асуудлыг зохих хуулийн байгууллагуудаар нь шинжлүүлэхэд тэдний ярианы бичлэг нь хуурамч биш гэдэг нь нотлогдож байна.Тиймээс Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газарт энэ асуудлыг шалгахыг хүсч мэдээлэл хүргүүлж байна. Бичлэгт дурдагдсан яриа нь илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын хууль болон албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах, 263 дугаар зүйл Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 264 дугаар зүйл төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268 дугаар зүйл хээл, хахууль авах, өгөх, 270 дугаар зүйл хээл, хахууль зуучлах гэх мэт гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэж байна. Иймд асуудлыг хуулийн дагуу шалгана уу” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шийдвэрлэх байх. Монгол улсад төрийн албыг худалдаж авдаг сонгууль явах уу, үгүй гэдэг ийм л цаг үед тулж ирээд байна. Монгол ардын намын удирдлагууд зөвхөн нийслэлийн төрийн албыг 60 тэрбумаар удирдана гэж хоорондоо ярилцаж буй нь нотлогдчихлоо. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй. Одоо би АТГ, ТЕГ-т уг хүсэлтийг аваачиж өгнө. Одоо эдгээр хүмүүст яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал үлдчихээд байна” гэлээ.
Харин Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “Хуулийн дагуу уг асуудлыг АТГ шалгаж шийдвэрлэх ёстой. Гэхдээ прокурор Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах үндсэн үүрэгтэй учраас уг хүсэлтийг хүлээн авлаа. Зохих журмынх нь дагуу хянаад шийдвэрлэнэ. Гэмт хэргийн шинж чанартай гомдол мэдүүлгийг 14 хоногийн хугацаанд шалгах ёстой” гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)