Хуульд заасан сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнийн 00:00 цагаас дуусч нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор зогсоогоод байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон байдаг. Тиймээс ч фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд ч сонгуулийн сурталчилгааг хийж болохгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлээд байгаа юм.
Харин энэхүү шийдвэр цахим ертөнцөд хүчтэй дуу хоолойгооо илэрхийлдэг жиргээчид болоод фэйсбүүкчидэд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Гэвч үүнийг хориглох нь хуулиа биелүүлж байгаагаас гадна бусдын нэр хүндэд санаатайгаар халдах, сонгогч олны сонголтод муугаар нөлөөлөх зэрэг эрсдлээс хамгаалах зохицуулалт болж байгаа юм байна.
Түүнчлэн мэдээллийн сайтуудад хуулийн хугацаанаас өмнө орсон сурталчилгааг хаахгүй ч тухайн мэдээллийн сэтгэгдлийг нь хаахаар болсон. Учир нь мэдээллийн доор сэтгэгдэл үлдээх хэлбэрээр нэр, хаягаа нууцлан хар, цагаан Пи Ар хийх магадлалтай учир сэтгэгдлүүдийг нь хааж байгаа аж.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд цахим сүлжээг ашиглан бусдын нэр төрд халдсан хуурамч мэдээлэл тараасан тохиолдол цөөнгүй гарсан билээ. Тиймээс хуулийн байгууллага цахим ертөнцөд хуурамч хаяг нээж, бусдын нэр төрд халдсан этгээдүүдийг олж илрүүлэх ажлыг эхлүүлээд байгаагаа дуулгасан. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 1051 гомдол мэдээлэл ирсэн байна.
Фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд ч сонгуулийн сурталчилгааг хийж болохгүй.
Цагдаагийн байгууллагаас хуульд заасны дагуу дээрх гомдлуудыг хүлээж аваад бүртгэж, шаардлагатай тохиолдолд шүүхэд шилжүүлэх, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх, захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар шүүхэд шилжүүлсэн 159 гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр нь шийдвэрлэсэн 11, үлдэгдэл ажиллагаанд шалгагдаж байгаа 453 гомдол мэдээлэл байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээд байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)