Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит "Ростех" компани эзэмшдэг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОХУ-ын 49 хувийг Монгол худалдаж авахаар болсон байна. Оросын тал хувьцаагаа зарах санал гаргаж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авахаар болжээ. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь монголчуудын эзэмшлийнх болж байгаа юм байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр "ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний ААН болж хувирах юм. Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн албан ёсны мэдэгдлийг хиймээр байна. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Монгол Оросын хамтарсан "Монросцветмет" компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын ААН болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дансыг хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт, Зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ. Гуравдугаарт, Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг улстөрийн сонгуулиас ангид байлгахыг хүсч, энэ талаар мэдээллийг нууцалж байлаа" гэв.
Өнгөрсөн долоо хоногт Ташкентад болсон уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ч энэ талаар ярилцаж зөвшилцсөн байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (52)