Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар зэрэг эхэллээ.
Тэгэхээр иргэн таны сонголт ирэх жилүүдэд Монгол Улс бүхэлдээ ямар бодлого, үнэт зүйлийг баримталж ажиллахыг тодорхойлно гэсэн үг. Өнөөгийн улс төрийн нөхцөл нь байдал иргэдийг бухимдуулж улс төрчдөд итгэх итгэлийг бууруулснаар сонгогчдын сонгуульдаа оролцох итгэл буурч байгаа нь үнэн. Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаанд “Шатав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй” гэдэг шиг хэнэггүй хандаж бас болохгүй юм. Хэдийгээр манай улсын төрийн үйл ажиллагаа төлөвшиж чадаагүй, бохир гэгддэг ч энэ нь Монголын төрт ёсны түүхийг ирээдүйд хөсөр хаяхын нэр огтхон ч биш юм. Харин ч иргэд төрөө бүтээхэд идэвхтэй оролцох ёстойг сануулж буй. Таны бүрэн эрх олгосон хүн л таныг төлөөлж УИХ, ИТХ-д ажиллана. Хамгийн чухал нь таныг төлөөлж шийдвэр гаргахад оролцоно.
Тэгэхээр та өөрийгөө төлөөлж шийдвэр гаргах хүнийг хэн ч байсан хамаагүй ээ, бүгдээрээ ялгаагүй юм чинь гэж сонгож болохгүй. Сонгуульд нэр дэвшигч бүр муу хүн биш. Тэдний дунд мэдлэг чадвар, туршлагаараа гологдохгүй улс төрд хууль дээдлэн ажиллаж, өөрчилж, шинэчилж чадах хүмүүс их бий. Чухам тэднийг зөв олж харж сонгож чадвал бид өнөөдрийн муухай гэх зүйлсээсээ салах боломж олдох юм. Харин саналаа өгөхгүй байх нь эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр биш. Энэ нь харин шүүмжлэл, бухимдлаа нэмж байна гэсэн үг. Судалгаагаар 18-35 хүртэлх насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог нь тогтоогдсон байна. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг аж. Тэгэхээр нийт сонгогчдын тал хувийг эзэлдэг залуус маань “Энэ ч болохгүй. Тэр ч муухай. Ингэж ч засч чадахгүй” гэж шүүмжлэхийнхээ оронд өөрсдийн төлөөллийг зөвөөр сонгож ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээгээрэй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч та сайн мэднээ. Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин таны сонгосон хүмүүсээс таны итгэлийг эвдсэн бол та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна. Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээн уриалга гаргасан.
Ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй. Сонгуулийн маргаашаас эхлээд л нүүр тулах олон асуудал шийдлээ хүлээж байна. Монгол Улс, Монгол төрийн ажил амьдрал тасралтгүй үргэлжлээд л явна. Өнөө цагт тулгамдаж байгаа хүндрэлийг өнөө үеийнхэн үүрээд, шийдээд л явах ёстой. Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт итгэлтэй байна. Иймээс сонгуулийн бүх үед сонгуульдаа идэвхтэй оролцоорой.