УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өглөө 07.00 цагт орон даяар эхэллээ. Дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.
Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн дагуу эмх замбараатай явагдаж байгааг онцлон тэмдэглээд “Өнөөдөр сонгууль маш сайн зохион байгуулалттай, эмх цэгцтэй болж байна. Сонгуулийн Ерөнхий хороо сайн ажиллаж байна, ард иргэд ч сонгуульдаа идэвхтэй оролцож байна” гэлээ. Түүнчлэн иргэд, сонгогчдыг идэвхтэй оролцож, сонгууль өгөх боломжтой үлдсэн хугацаандаа бүгдээрээ саналаа өгөөрэй хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд уриалав.
Сонгуулийн 59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хорооны санал авах байрны ахлах зохион байгуулагч Б.Наранчимэгийн мэдээлснээр тус хэсгийн хороонд нийт 2110 сонгогч санал өгөхөөс өглөөний 11 цагийн байдлаар 384 сонгогч санал өгч, 17 хувийн ирцтэй байна. Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 9 намын төлөөлөл ажиглагчаар ажиллаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)