Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт дөнгөж сая Орос гуравдугаар сургуульд байрлах 59 дүгээр тойргийн зургадугаар хэсгийн хороонд саналаа өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр “Сонгууль минь болж байна. Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Тэр ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримтлаж ард түмнийхээ амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал өгсөн хэсгийн хороонд 2213 иргэн саналаа өгөхөөс одоогийн байдлаар 360 гаруй иргэн саналаа өгөөд байгаа аж. Улсын хэмжээнд нэг сая 910 мянга 629 иргэн саналаа өгөх юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)