УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өглөө 07.00 цагт орон даяар эхэлж өдгөө сонгуулийн ирж, улсын хэмжээнд 23,2 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл төрийн гурван өндөрлөг саналаа өгч, иргэд сонгогчидоо сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт дөнгөж сая Орос гуравдугаар сургуульд байрлах 59 дүгээр тойргийн зургадугаар хэсгийн хороонд саналаа өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр “Сонгууль минь болж байна. Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Тэр ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримтлаж ард түмнийхээ амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал өгсөн хэсгийн хороонд 2213 иргэн саналаа өгөхөөс одоогийн байдлаар 360 гаруй иргэн саналаа өгөөд байгаа аж. Улсын хэмжээнд нэг сая 910 мянга 629 иргэн саналаа өгөх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын сонгуулийн 56-р тойргийн 3-р хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Тэрээр энэ үеэр “Нийт ард түмэндээ нар, хур тэгширсэн сонгуулийн өдрийн мэндийг хүргэе. Үндсэн хуулиараа олгогдсон эрхийнхээ дагуу Монголын ард түмэн ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлох сонголтыг хийдэг. Өнгөрсөн хугацаанд бүх нам эвслүүд сонгуулийн хуулийнхаа дагуу бүх нам эвслүүд сонгуулийнхаа кампанит ажлыг амжилтай хийлээ. Одоо харин манай ард түмэн энэ сонголтоо хийх үлдлээ. Ард түмний минь сонголт мэргэн байх болтугай” гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд 11.40 минутад саналаа өгсөн. Тэрбээр энэ үеэр "Өрсөлдөгч намууд бүгд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж элдэв зөрчил, маргаан гаргахгүй байх хэрэгтэй. Иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.
Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд худалдаж авсан талаар тодруулахад түүнээс энэ үеэр тодруулсан. Тэрбээр уг асуултад хариулахдаа “Монгол Улс олон жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах саналыг ОХУ-д байнга хүргүүлдэг байсан. Энэ удаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ асуудлыг сонгуулийн дараа байгуулагдах УИХ хэлэлцэн батлах ёстой. 49 хувийг худалдаж авсныг улс төржүүлж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ цуу яриагаа зогсоох хэрэгтэй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдаж авахыг ОХУ санал болгосон. Тэр үед нь мөн улс төржиж байгаад авалгүй орхисон. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодож, боломжтой үедээ иймэрхүү үйлдвэрүүдээ худалдаж авч байх хэрэгтэй” гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)