Сонгуулийн саналын ирц 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 55 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр сэтгүүлдчийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
- Зарим саналын хороодод саналын хуудас дууссан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Зарим аймгуудаас ийм мэдээллийг хүлээж авсан. СЕХ яаралтай хуралдаж уг асуудлыг шийдвэрлэсэн. Улсын бүртгэл, статистикийн газраас улсын хэмжээнд 1912901 сонгогч байна гэх мэдээллийг СЕХ-нд ирүүлсэн. Эдгээр сонгогчийн саналын хуудсыг 100 хувь хэвлэж тойргуудад хүргүүлсэн байгаа. Гэтэл Улсын бүртгэл статистикийн газраас 84000 сонгогчийг “түр хасав” тэмдэглэгээ хийсэн. Дээрээс нь 18 мянган сонгогч шилжилт хийлгэсэн байна. Ингээд нийтдээ 100 гаруй мянган сонгогчийн асуудал гарч саналын хуудас дутсан нь энэ. Энэ нь манай саналын хуудаст ороогүй. Хэд, хэдэн аймгаас саналын хуудас дууссан гэх хүсэлт ирсэн. Бид энэ хүсэлтийг хүлээн авч аймаг, сумдын сонгуулийн хороо руу чиглэл өгсөн. Саналын хуудсыг хэвлэж дутагдсан газар руу хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Дөнгөж сая авсан мэдээллээр санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
- АН-ын удирдлагууд мэдээлэл хийж нэр дэвшигч Д.Оюунхоролын нэрийг татсан гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар СЕХ-нд мэдээлэл байна уу?
- Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гурван хүсэлт СЕХ-нд ирсэн. Бүгдийг нь хурлаар авч хэлэлцээд СЕХ-оос шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч М.Оюунсайхан нь сонгуулийн сурталчилгаа хийхдээ шашины холбогдолтой зураг, авиа дуу хэвлэх, нэвтрүүлэхгүй байх гэснийг зөрчсөн. Үүнийг нь шүүх тогтоосон. Өөрөө бол давж заалдахгүй. Торгуулиа төлсөн гэх бичгийг СЕХ-нд ирүүлсэн. Тиймээс СЕХ хуралдаад Оюунсайханыг нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулууны талаар мөн гомдол ирсэн. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 6 сарын 23-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр Х.Болорчулуун нэр дэвшигч хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон байсан. Харин нэр дэвшигч өөрөө шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Давж заалдах хуулийн хугацаа дуусаагүй байгаа учраас СЕХ энэ асуудлыг хойшлуулсан. Гуравдугаарт, 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Энхзаяа нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1 заалтыг зөрчиж мөнгө тараасан. Энэ нь БЗД-ийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 24-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Д.Оюунхоролын шадар туслах Энхзаяагаас СЕХ-нд хүсэлт ирсэн. Энэ бол шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байна. Давж заалдана гэж мэдэгдсэн. Тиймээс бид уг асуудлыг мөн хойшлуулсан.
- Эдгээр зөрчил гаргасан хүмүүст иргэд саналаа өгөөд явж байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?
- Одоогоор эдгээр хүмүүст иргэд саналаа өгөөд явж байгаа. Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаагүй учраас саналаа өгдөгөөрөө өгнө. Саналыг нь тоолно. Хэрвээ хасах үндэслэл гарч ирэх юм бол нэр дэвшигчийг татна.
- Хяналтын тооллогын талаар мэдээлэл өгнө үү?
- Өмнө нь хяналтын тооллого гэж хийдэг байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хар хайрцаган дахь бүх саналын хуудсыг тулгаж тоолж байсан. Энэ удаагийн сонгуулиар 50 хүртэлх хувьд техникийн тооллого хийхээр болсон. Бид журмаа баталсан. Сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар 50 хувь хүртэлх тооллого хийнэ.
- Сонгуулийн хуудсыг нөөц болгож хэдэн хувь хэвлэсэн бэ?
- Саналын хуудсыг нөөцгүй хэвлэсэн.
- Хүмүүст бөглөсөн саналын хуудас тарааж байна гэх мэдээлэл байна?
- Бөглөсөн саналын хуудсыг тараах боломжгүй. Саналын хуудас бүр бар кодтой. Тэгэхээр машин уншихгүй гэсэн үг. Зэргэлдээ хэсгийн хорооны саналын хуудсыг нөгөө хэсэгт уншихгүй.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)