Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах нь Сонгуулийн тухай хууль зөрсөн нь шүүхээр тогтоогдсон тухай өмнө нь мэдээлсэн. Гэтэл Монгол Ардын намаас үүнийг гүтгэлэг хийлээ хэмээн мэдэгдсэн байна. Бид гүтгээгүй. Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү анхан шатны шүүхийг дахин давж заалдаж байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ хэлсэн. Орон нутгийн сонгууль дээр элдэв, маргаан булхай гарч байгаа талаар орон нутгийн сонгуулийн штабаас мэдээлэл ирж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт Мөнхбаатарын ухуулагч нар гар утасны нэгж тараасныг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Улсын хэмжээнд бүх намын төлөөллийг байлцуулж 1998 санал тоолох машинд хяналтын тооллого хийсэн. Үүнээс 67 дугаар тойрогт хариуцлагагүй этгээдийн үйлдлээс болж будлиан гарсныг эс тооцвол 1997 тойрог дээр санал тоолох машин үнэн зөв тоолж байна гэдгийг бүх намын төлөөллүүд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл саналын хуудас тоолдог машин нь Ардчилсан намын талд ажиллаж байгаа гэсэн цуу яриаг санаатайгаар гаргасаар байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. УИХ-ын 64 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногт янз бүрийн байдлаар эвлүүлэг хийж сошиалаар доромжилсон. Өнөөдөр Г.Баярсайхан нэр дэвшигчийг мөнгө тараасан гэж ор үндэсгүйгээр гүтгэж байна” гэлээ.
Түүнчлэн Төв аймаг, Хөвсгөл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллага Ардчилсан намаас өгсөн гомдолд хойрго хандаж байна. Мөн өрсөлдөгч улс төрийн намууд сонгогчийн саналыг өгүүлэхгүй байх, санал авах байрны ойролцоо зохиомол түгжрэл үүсгэх, саналын хуудсыг дутаахын тулд иргэдийг саналын хуудсыг буруу бөглөхийг даалгах зэрэг элдэв арга хэрэглэж байна. УИХ-ын 52 дугаар тойрогт гэр бүлээрээ саналаа өгөх гэж очсон н.Отгонбаяр гэх иргэний эхнэрийг МАН-ын хэсэг хүмүүс зодсон гэх мэдээлэл ирлээ. Мөн Ардчилсан нам 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган, цуу яриаг гадуур цацсан байна. Ардчилсан нам мөнгө тараахгүй ээ, худал мэдээлэл гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)