Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2011 онд Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд Өрхийн эрүүл мэндийн жишиг төв байгуулсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн XII хороо тун удахгүй ийм эмнэлэгтэй болох нь. Өдгөө Өрхийн эрүүл мэндийн загвар төвийн барилгын ажил 90 гаруй хувьтай явж буй аж. Тус дүүрэг олон улсын жишигт нийцсэн өрхийн эмнэлэгтэй болчихвол Нэгдсэн эмнэлгийнх нь ачаалал багасаж, хорооны иргэд илүү ойроос чанартай, хүртээмжтэй тусламж авдаг болно гэсэн үг. Учир нь тэнд биохими, хеликобактери, шээс, цус, ДОХ-ын шинжилгээ авч, зүрхний бичлэг хийдэг болох гэнэ. Өрхийн загвар төвийг “Нью констракшн” ХХК барьж байна.
Дашрамд дурдахад, тус дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.