Улс төрд санаанд оромгүй их эргэлт гарч сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх боллоо. Харин АН ялагдлаа хүлээн зөвшөөрч ард түмнийхээ сонголтыг хүндэтгэв. АН бусад нам шиг гоншигнож, ёс зүйгүй авирлаагүй нь энэ сонгуулийг амар тайван дуусгах нэг том үзүүлэлт болов. Сонгуулийн маргаашнаас амьдрал үргэлжилнэ гэсэн үг бий. Ирэх дөрвөн жил төрийн эрхийг барьж улс орны хувь заяаг залуурдах болсон МАН-аас бид юу шаардах ёстой вэ?. Хамгийн эхэнд эдийн засгийг сэргээх нь эрх баригчдын хийх ажил. Одоогийн эрх баригчид эдийн засаг хямраагүй, харин хүндэрсэн гэдэг. Учир нь манай улсын ДНБ-ий өсөлт саарсан ч 2015 оны эцсээр 2-3 хувиар өссөн. Энэ тоо хоёр улирал дараалан хасахтай гарвал хямрал нүүрлэлээ гэж үздэг байна. Мөн МАН-аас энэ сонгуулиар амласан амлалт болох мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардах ёстой юм.
Харин МАН-ынхан энэ сонгуулиар ард түмэндээ ямар амлалт өгснийг сануулъя.
Тэд энэ удаа “Бид хамтдаа чадна” сонгуулийн мөрийн хөтөлбөрийг гаргаж,
Бид хамтдаа
Иргэдээ ядуурлаас аварч,
Эдийн засгаа хямралаас гаргаж,
Эх орноо өрнөөс салгаж,
Төрийн дампуурлыг засаж,
Тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.
Боловсролын салбар дахь МАН-ын мөрийн хөтөлбөрөөс дурдвал,
- Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно,
- Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгож, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна,
- Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-иудыг холёр ээлжтэй болгоно.
- Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ.
- Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг төрөөс дэмжинэ гэжээ.
-Мөн оюутнуудад олгодог Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар үнэлэх боломжийг бий болгох аж.
-Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр амлажээ.
МАН ирэх дөрвөн жилд цэцэрлэгийн хүрэлцээгүйн асуудлыг шийдвэрлэж бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох нь. Хотын одоогийн удирдлагуудыг цэцэрлэг, сургуулийг хангалттай барьж байгуулсан. Харин МАН-ынхан эднээс олон цэцэрлэг, сургуулийг барьж байж л хүүхдүүд гэртээ түгжигдэхгүй ээж, аавууд санаа амар ажил хийх нөхцөл бүрдэх нь. Оюутны тэтгэлгийн хувьд мөн адил. Уг нь илүү амжилттай суралцсан оюутанд тэтгэлэг олгох зөв систем бүрдүүлсэн. Харин МАН үүнээс ухарч, БҮХ оюутанд гээд зарлачихлаа. Гэхдээ бүх оюутанд мөнгө өгч чадахыг эсэхийг хамтдаа харах үлдлээ.
Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд санхүүгийн ямар ч эх үүсвэргүй байдаг. Тэгвэл МАН-ынхан тэдэнд зориулж цалин өгөхөөр амласан байна. Ирэх жилүүдэд хүүхэд төрүүлэн харах төлөвлөгөөтэй байгаа ээжүүд гэртээ амар тайван сууж болох нь.
Эрүүл мэндийн салбарыг цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэжээ. Ингэснээр хүүхдүүдэд мэдлэг олгож эхэлснээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж тооцсоноос гадна тус салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлснээр эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын байр баталгаатай болно гэж үзжээ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ жилд нэг удаа бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгохоос гадна нийтийн биеийн тамирыг ч дэмжих заалт оруулжээ. Тухайлбал, фитенсс, иог, бясалгал, гэх мэт зохистой хөдөлгөөнийг ЭМД-ын сангаас урамшуулна гэж заажээ. Дээрээс нь их спортыг төрийн ивээлд байлгаж, багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгажээ. Эрүүл мэндийн салбарынхан энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардаарай.
Тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Мөн цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлэх юм байна. Тэгэхээр ирэх дөрвөн жил тэтгэврийн зээлийн дарамтгүй цалин нэмэгдэж сайхан амьдрахын тулд амлалтаа хэрэгжүүлэхийг МАН-аас шаардаж болох нь.
Мөн өрхийн сарын дундажд орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэж МАН амлажээ.
Ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалахад чиглэлээр МАН доорх амлалтыг өгчээ
-Байгалиа хамгаалах, түүний нөөцийг ашиглах, нөхөн сэргээх ажлыг иргэдийн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж, олгох урамгууллыг тодорхой болгоно.
-Ой, байгалийн бусад нөөцийн дагалдах баялгийг ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
-Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх замаар усны хомсдлоос сэргийлнэ.
-Гол горхи, булаг шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах сан байгуулж усан хангамжийг нэмэгдүүлнэ.
-Нийслэл төв суурин газрын ундны усны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авна.
-Уул уурхайн хайгуул, олборлотод өртөж, эвдрэлд орсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бүрэн хийлгэнэ.
-Устгах аюулд орсон болон аж ахуйн гоц ашигт амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэн сэргээн нутагшуулах, тарьж ургуулах ажлыг хөрөнгө санхүү татварын бодлогоор дэмжинэ.
Хашаандаа амины орон сууц баривал ипотекийн зээлд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Гэр хорооллын иргэдийн цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, шөнийн тарифыг тэглэнэ гэж МАН амлажээ.
МАН-ынхан мөн бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. Мөн шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн дэлгэрэнгүйг эндээс харна уу.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (28)